О.АНУЖИН: БАЛЕТГҮЙГЭЭР БИ ӨӨРИЙГӨӨ ТӨСӨӨЛДӨГГҮЙ
УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Анужинтай ярилцлаа. Үндэсний баяр наадмын өдрүүдэд энгэрээ цоолсон алдартнуудаас хамгийн залуухан гавьяат гэдгээрээ ялгарсан балетчин бүсгүй БНСУ-д 11 дэх удаагаа зохион байгуулагдсан "Korea International Ballet-2018” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртээд ирсэн юм. Тус тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин, 12 орны шүүгч оролцжээ. Тэрээр эх орондоо ирсэнийхээ дараахан Монгол Улсын гавьяат жүжигчин гэх нэр хүндтэй шагналыг хүртсэн билээ.
-Гавьяат жүжигчин болсонд баяр хүргэе. Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан залуу балетчинаа ид хийж бүтээх насанд нь урамшуулсан нь сайхан жишиг боллоо… ?
-Баярлалаа. Төрийн ордноос шагнал хүртээд гарч ирэхэд ээж надаас "Ямар байна?” гэж асуусан юм. Ээжийнхээ асуултад "Сайн мэдэхгүй байна аа” л гэж хариулсан. Гавьяат болоод төрсөн сэтгэгдлээ үгээр зүйрлэж хэлж чадахгүй байна аа (инээв). Баярлах мэдрэмжтэй зэрэгцээд асар их үүрэг хариуцлага ирлээ гэсэн ухаарал, бодол төрж байна. Миний хувьд залуу насандаа ихийг амжуулах сан гэж бодож зүтгэж яваа залуусын нэг. Театр намайг "Найман жил ажиллаж, балетуудад гоцлоод, тэмцээнүүдэд оролцож, улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад ирсэн хүнийг урамшуулъя. Хэдий залуу ч гэсэн хийж байгаа үед нь үнэлж шагная” гээд энэ шагналд дэвшүүлсэн байсан. Анх сонсоод үнэхээр их баярласан, урамшсан. Маш олон залуус над руу мессэж бичиж байгаа. Хийж бүтээх ид үедээ үнэлүүлэх боломжтойг харууллаа, чи бидний төлөөлөл шүү гэх мэт сайхан үгтэй мессэжүүдээс нь урам аваад сайхан байна. Урмын сайхан үгсээс гадна "Ийм том шагнал хүртсэн болохоор хариуцлага ихтэй шүү дүү минь” гэх мэт үнэтэй зөвлөгөө сургамжууд ч сонсч байна.
-Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэх болсноо мэдэх мөчийн сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцаач?
-Нэлээд хэдэн хоногийн өмнө хэлж бэлдэх хугацаа өгдөг байх гэж бодож байсан чинь яг өмнөх өдөр нь залгаж хэлдэг юм билээ. Манай эгч хуримаа хийх гэж байгаа юм. Эгчтэйгээ хуримын бэлтгэл хийгээд E-Mart дэлгүүрийн зургаан давхарт явж байтал утас дуугараад, "Сайн байна уу. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Танд баяр хүргэе, та Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулж байгаа юм байна. Өглөө 11.00 цагт бэлэн байгаарай” гэж хэлсэн. Би яг тэр агшинд шоконд орчихсон. За гэх үү, баярлалаа гэх үү гэдгээ мэдэхээ байчихдаг юм билээ. Тэгээд бүр дараа нь талархлаа илэрхийлсэн. Утсаа тавиад л ээж, аав руугаа залгатал манай хоёр ёстой бөөн баяр болсон доо. За тэгээд юу өмсөж зүүх вэ, ах дүү нартаа хэлэх билүү, яах билээ гээд бөөн сандрал болсон. Маш их сандардаг юм билээ. Гэрээр дүүрэн цэцэг. "Яана аа, хэтэрхий олон гоё цэцэг үнэртээд байна аа, цонхоо онгойлгоё” гээд инээд хөөр болохын сайхныг зүйрлэх юм биш. "Амьдралдаа анх удаа л ийм их цэцэг харж үзлээ” гэж хэлээд инээмсэглэсэн аавын царай одоо ч сэтгэлд тод харагдаж байна. Миний амьдралын хамгийн гоё мөчүүдийн нэг байсан. Хамгийн түрүүнд аав, ээждээ л баярласнаа илэрхийлмээр байна. Надад тусалж дэмжсэн маш олон хүн байгаа. Энэ шагнал бол маш олон хүний хүч хөдөлмөр, зүрх сэтгэл, хайр.
-Анужинг гавьяат болгоход хамгийн том нөлөө үзүүлсэн багш нар нь хэн бэ гэж олон хүн сонирхож байгаа байх…?
-Мэдээж тайзан дээр бүжиглэж байгаа минь багш нарын минь ач тус. Хэдийгээр сургуулиа төгсөөд театрын бүжигчин болсон ч гэлээ надад сурах зүйл маш их байна. Тэр бүгдэд тусалдаг багш нартаа талархаж байна. Анхны багш маань гэвэл Т.Туул, Д.Дашлхагва. Театрт ирээд О.Ганбаатар, Ч.Батгэрэл гэсэн сайхан багш нартай ажиллаж байгаадаа баярлаж явдаг.
-Аав, ээж чинь урлагийн улс уу?
- Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Аав, ээж минь урлагт хайртай хүмүүс. Би эхээс хоёулаа. Ах маань гэр бүлтэй болоод тусдаа гарсан. Би гэдэг хүн ээж, аавдаа эрхлээд л байж байдаг. Айлын бага гээд намайг их эрхлүүлнэ ээ. Миний аав, ээж Дуурийн театрт ирж тоглолт үзэх их дуртай. Оюутан байхад аав маань намайг байнга ирж авдаг байсан.Шөнө хэдэн цаг ч байсан хамаагүй бэлтгэл дээр ирээд авдаг сайхан ааваараа бахархдаг. Аав, ээж намайг гол дүрд тоглох бүрт, шинэ дүр бүтээх болгонд ирж үздэг. Тайзан дээр гараад олон үзэгчийн дундаас ээж, аавыгаа олж харах мөчид хамгийн их урам зориг ордог. Намайг балетад дурлуулсан хүн бол миний ээж. Би багадаа Плехановын нэрэмжит орос сургуульд сурдаг байсан юм. Сургууль маань урлагийн хамтлагтай. Хамтлагтаа бүжиглэдэг байлаа. Манай ангийн охины ээж театрт балетын бүжигчин байсан юм. Гоё гэж жигтэйхэн эгч. Ээждээ нэг удаа "Сувдаагийн ээж шиг балетын бүжигчин болмоор байна” гэсэн чинь "Чадна гэж бодож байгаа бол өөрөө л мэд” гэдэг юм байна. Тэгээд л удалгүй ээж, бид хоёр Хөгжим бүжгийн коллежид шалгуулахаар очоод тэнцчихсэн. Тухайн үед би есөн настай жаахан охин байсан юм. Хүн дуртай зүйлээ хийхээрээ цаг хугацааг мартдаг юм билээ. Би Хөгжим бүжгийн сургуульд долоон жил суралцаж, балетын урлагийн гайхамшгийг мэдэрлээ. Гэртээ харихгүй сургууль дээр өнжих үе их байлаа.
-Эрхэмсэг, гоо гэдгийг бүсгүйчүүдэд, эргэн тойрондоо мэдрүүлж байдаг хүмүүс бол балетын жүжигчид. Тэгвэл та нарын хувьд эрхэмсэг, гоё, гоог юунаас олж хардаг юм бэ?
-Хүн бүрийн хувьд энэ ойлголт өөр байх. Өөрийн дотоод ертөнцөөсөө гоо сайхныг олж хардаг. Бас миний хувьд ээжээсээ гоё сайхныг мэдэрдэг. Миний ээж жирийн л нэг эмэгтэй. Маш ухаалаг, эрч хүчтэй эмэгтэй. Бас надад миний доторх хүнийг сэрээж, нээж өгдөг гайхалтай багш нар бий. Байгаль дэлхий тэр чигээрээ гоо сайхан шүү дээ. Хүн бүрт, амьд ба амьд бус бүх зүйлд гоо сайхан бий. Үүнийг олж харж байна уу, үгүй юу гэдэг асуудал л бий.
-Балетын гайхамшиг нь юундаа байдаг вэ, бүжигчин мэргэжил танд юу өгсөн бэ?
-Бүжигчин мэргэжлийг эзэмшсэнээр гоо сайхны мэдрэмжтэй болдог. Театрыг зорьж ирсэн олон арван хүний нүд, сэтгэлийг баясгаж байгаа болохоор балет илүү тансаг урлаг л даа. Бүх урлаг гайхалтай. Гэхдээ тэдний дундаас сонгомол нь балет.
-Хоолны дэглэм барих, байнга бэлтгэл хийж хөлс гардаг учраас амин дэмийн дутагдалд орох эрсдэлтэй гээд их хэцүү мэргэжил шиг санагддаг…?
-Тийм шүү. Гадаад байдлаас гадна маш зөв хооллох ёстой. Бэлтгэлийн дундуур идэх юм бол хөдөлж чадахгүй болно. Миний биед юу дутагдаж байна гэдгийг байнга анзаарч байхгүй бол байнгын хөдөлгөөн хийж байгаа бидний хувьд асуудал гарч ирэх магадлалтай. Кальци дутагдсанаа мэдэхгүй үсрээд хөлөө хугалдаг, биеийн аль нэг зүйл нь болохгүй үед шөрмөс татдаг гээд олон асуудал гарна. Намайг байнга торддог хүмүүс бол аав, ээж хоёр минь. Тэмцээний үеэр бол яалт ч үгүй хоолоо маш их хэмжээгээр хасдаг. Шингэн шөлөөр л хооллодог юм.
-Шантрах үе гарч байсан уу?
-Заримдаа зугтмаар л санагдчихдаг. Гэхдээ хэзээ ч юмыг тэгж орхиж болохгүй. Иймээс анхнаасаа л бүх зүйлдээ анхаарах хэрэгтэй. Шантрах үе зөндөө гарна. "Ээж ээ би болилоо” гээд уйлж суусан ч үе бий. Тэгээд л унтаад босож ирээд мартчихдаг.Балетгүйгээр, бүжиггүйгээр би өөрийгөө төсөөлдөггүй. Балетын урлаг өөрөө их хатуу. Бэртэл гэмтэл маш хэцүү. Мөр тохой, шагай, гар гээд юугаа ч гэмтээх аюултай. Баруун өвдөгнийхөө чагтан яс хугарчихсан бороолж байхад эмнэлэг дээр очоод мэдсэн тохиолдол бий.
-"Хар хун” кинон дээр гол дүрийнх нь балетчин бүсгүй хөлөө цус шүүртэл бүжиглэж харагддаг. Балетчид гэмтсэн ч бүжиглэхээс аргагүй байдгийг тэндээс мэдэрсэн шүү…?
-Хөл хавдсан тохиолдолд бүжиглэх бол асуудал биш. Гэвч хайртай хүмүүс маань үргэлж дэргэд минь зогсож байдаг учраас хүчтэй байж чаддаг. Балет хүнийг маш их хатуужилтай болгодог. Манайд надаас аймаар гэмтэж, бэртэж байсан хүмүүс ч бий. Гэхдээ л бид жүжгээ дуусгах үүрэг хүлээсэн хүмүүс. Үзэгчид урлагийн сайхныг харж гоо зүйн мэдрэмж авч, сэтгэл дүүрэн театраас гарч явахыг харах жаргал шүү.
-"Хар хун” киног үзээд балетчид сэтгэлийн асар хаттай, сэтгэхүйн хувьд хүчтэй улс юм гэсэн бодол төрсөн. Тэр кинонд дүрсэлсэн балетчиний хөшигний цаадах амьдрал танд ойрхон санагдсан уу?
-"Хар хун” бол сэтгэхүйн кино. Нэг дүрд тоглохын төлөө тэгж галзуурч, төсөөлнө гэдэг гайхалтай. Өөрийгөө өрсөлдөгчөөр сэтгэж, өөрийгөө хар, цагаанаар харж байж дүр бүтээж байгаа тухай маш тод гардаг. Бүтэн жүжгийн ард гарна гэдэг яг түүн шиг л юм болдог. Ялангуяа "Хунт нуур”, "Жизель” дээр. "Жизель” маш их зөрчилдөөнтэй. Амьд хүн яаж сүнс болох вэ дээ. Гэхдээ яг сүнс болсон юм шиг, дотроо өөрийгөө үхсэн хүн мэт мэдэрч байж л дүрээ гаргаж чадна. Тэгж гаргахын тулд маш их ажиллах хэрэг гардаг. Бүжигчин хүн дүрээ тэгж гаргахын тулд хөдөлгөөнөөс гадна мэдрэмж, төсөөлөл нь хүчирхэг байх ёстой.
-Урлагийн хүмүүст чөлөөт цаг их ховор байдаг юм шиг санагддаг. Чөлөөт цаг гарсан үед юу хийдэг вэ?
-Бэлтгэл, сургуулилалт гээд маш их ажилтай байдаг. Дуурийн театрынхаа ажлыг өглөө нь хийнэ. Үдээс хойш бэлтгэлдээ ордог. Бэлтгэл оройн 11 цагаас наашгүй. Тэгээд л ядарсан хүн ч гэртээ харьдаг. Чөлөөт цаг гарвал гэр бүл, найзуудтайгаа байхыг хүсдэг. Мөн кино үзэх, зураг зурах дуртай.
-Монголын балетын урлаг ямар түвшинд байгаа гэж бодож байна?
-Миний бодлоор дэлхийн хөгжилтэй эн тэнцүү яваа гэж боддог. Мэдээж Европт бол 200, 300 жилийн туршид балетын урлаг хөгжиж байгаа. Манай улсад балетын урлаг үүсээд 50 жил болж байгаа гэдгээрээ хөгжлийн түвшин ярихад түвэгтэй. Бид хоцролгүйгээр илүү гарч ажиллахын төлөө л хичээж суралцаж байна.
-Балетаар хичээллэх гэж буй хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч гэвэл юуг онцлох вэ?
-Хэрэв энэ урлагийг сонгоод, цаашид үүгээр амьдарна гэж бодож байгаа бол зүтгэсэн зүйлийнхээ эцсийг үзэх хэрэгтэй. Ер нь ганц балет ч гэлтгүй, хүн болж төрөөд хэрэв дуртай юмаа чи олсон бол заавал түүнийхээ эцсийг үзэж, цаана нь гарч байгаасай гэж хүсч байна. Яагаад гэвэл танд боломж байна. Танд хүсэл байна, та залуу байна, эрч хүчтэй байна. Амьдрал маш баялаг. Амьдралын хамгийн сайхан гэрэл гэгээтэй зүйлийг олж хардаг байгаасай. Хамгийн муухай үед ч гэсэн гоёыг олж хардаг байх хэрэгтэй. Хүн мэдээж дандаа сайн байж чадахгүй. Гэхдээ энэ бүхнийг зорилгоо болгож хичээдэг байгаасай гэж хүсдэг. Балет бол үнэхээр гайхамшигтай, маш гоё урлаг. Энэ урлагаар хичээллээд хэн ч, хэзээ ч "би харамсаж байна” гэж хэлэхгүй гэж бодож байна. Энэ урлаг танд хамгийн сайхан бүхнийг харуулна. Таныг илүү хүчтэй, дур булаам болгоно. Тайз гэдэг гайхалтай зүйл. Тайзан дээр гарч энэ урлагийг бусад хүмүүст түгээнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг. Хийсэн зүйлийнхээ эцсийг заавал үзэж байгаарай гэж л зөвлөмөөр байна.
-Шанхайд болох олон улсын балетын тэмцээнд явах гэж байгаа гэл үү?
- Шанхайд болох балетын олон улсын тэмцээн рүү энэ сарын сарын 25-нд явна. Тэр тэмцээнийхээ бэлтгэлд ороод явж байна даа.
https://dnn.mn/
Сэтгэгдэл байхгүй байна.