Мьянмарын төрийн зөвлөх Сингапурт ажлын айлчлал хийнэ
Мьянмарын төрийн зөвлөх Аунг Сан Су Чи Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Луны урилгаар тус улсад ажлын айлчлал хийнэ гэж пүрэв гарагт Мьянмарын засаг захиргаанаас албан ёсоор мэдээлэв.
Засгийн газрын мэдээлэлд айлчлал хийх товыг тодорхой дурдаагүй байна. Энэхүү айлчлал нь Аунг Сан Су Чигийн 2016 оны 11 дүгээр сараас 12 дугаар сард Сингапурт хийсэн айлчлалаас хойших анхны айлчлал болох ба өмнөх айлчлалын үеэр тэрбээр Ли Сянь Лунтай Мьянмар, Сингапурын харилцан хөрөнгө оруулалт хийх гэрээний талаар хэлэлцсэн юм. Үүний зэрэгцээ 1999 онд Мьянмар, Сингапурын хооронд байгуулсан давхар татвараас зайлсхийх хэлэлцээр, Сингапурын агаарын тээврийн компаниудыг хоёр улсын хооронд нислэг үйлдүүлэх болон харилцан мэргэжлийн сургалт явуулах тухай санамж бичгийг гурван жилийн хугацаатай сунгах тухай хэлэлцээг хийсэн билээ.
Мьянмар-Сингапурын худалдаа 2017 оноос 2018 оны гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилийн хугацаанд 3.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 833 сая ам.доллар буюу 28 хувиар өссөн үзүүлэлт болсон гэж Мьянмарын худалдааны яамнаас гаргасан статистикийн тайланд мэдээлсэн байна.
Хоёр улс 1966 онд дипломат харилцаа тогтоосон цагаас Мьянмар-Сингапурын хоёр талын харилцаа эхэлсэн билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.