Эрдмийн баяр эрх ашгаа хамгаалагчдын тоглоом биш
Анх удаа сургуулийн босго алхаж буй зургаан настан баглаа цэцэг бариад очтол багш нь "байгаагүйд” учиргүй их гомдож, уйлсан гэх сэтгэгдэл эрдмийн баярын нээлтийн утга учир, дүр зургийг бараг л төлөөлчихнө. Ингэж л хичээлийн шинэ жилээ хүлээсэн хүүхдүүдийн догдлол, хүсэл тэмүүллийг доголон нулимстай гэрт нь үлдээсэн хамгийн урт өдөр өнгөрлөө. Хичээл орно, орохгүй гэсэн мэдээлэл дунд төөрөлдөж өдөржин хүүхдүүдээ нааш, цааш нь зөөж хөлхсөн эцэг эхчүүдийн бухимдалтай төрх өчигдрийн нийтлэг дүр зураг байв. Лав хичээлдээ шамдсан хүүхэд, ажлаа тайван хийсэн эцэг эх үгүй биз.
Уг нь БСШУС-ын сайдад асуудлыг ингэтэл нь хурцатгаж, эцэг эхчүүд, хүүхдүүдийг хөлдөө чирэхгүй байх бүрэн боломж, цаг хугацаа байсан гэж хэлж болно. Ц.Цогзолмаа сайдыг ажлаа авсан өдөр л ажил хаялт зарлаж байв. Гэтэл арван сар өнгөрөхөд дээрдсэн юм алга. Бүр наашлуулж бодоход зуны гурван сар ажил хаяулахгүй байх талаар зөвшилцөж, ярилцах хангалттай хугацаа байв. Гэвч салбарын яам нь хүртэл учраа олохгүй гэдийсээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын бойкотод орж, сурагчид голд нь үрэгдэж хоцров.
Нөгөө талаас Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хэмээх мөнгөний хойноос хөөцөлдөж, шантаажлахаас өөр гавьяагүй газар байна. Тэднийг хүүхдээр барьцаа хийж хүсэл зорилгоо гүйцэлдүүлэхээр улайрч байхад хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдөж хэдэн ч хүн алтан амиа алдав. Есдүгээр сарын 1-нд л гэхэд Налайхын уурхайд дөрвөн хүн амиа алдсаныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Зүй нь үйлдвэрчний эвлэлийн байгууллага тэнд очоод жагсч тэмцэж байх ёстой юм. Мөн тэдний голоод байгаа цалингийн нэмэгдлийн сургаар өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ нэмэгдэж нийтээрээ хөлд нь чирэгдэж байхад түүний төлөө тэмцсэнгүй.
Багш нарын ажил хаях тэмцэл дунд БСШУСЯ, МҮЭХ аль аль нь нэгдсэн мэдээлэлгүй учраа олохгүй төөрч явна. Яамны зүгээс "МҮЭХ худлаа мэдээлэл өгч байна. Албан ёсны мэдээллээр нийслэлийн хэмжээнд 12 сургууль ажил хаясан. Бусад нь, мөн цэцэрлэгүүд 100 хувь ажиллаж эхэлсэн. Хөдөө орон нутгийнхан 100 хувь хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн” гэсэн мэдээллийг өгөв. Мөн ҮЭ-ийнхэн ажил хаялт удирдаж байгаа багш нараа авч сургуулиудаар явах гэнэ. Машин тэрэг гаргаад зохион байгуулалттай явж байгаа эх адаггүй улстөржилт гэх утга бүхий мессежийг нийгэмд түгээж байна.
Харин МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "МҮЭХ-ноос жил бүр төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхээр Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр байгуулж ирсэн. Энэхүү хэлэлцээрийн гол асуудал нь цалин нэмэгдүүлэх байдаг ч сүүлийн дөрвөн жилд Засгийн газар цалинг огт нэмэгдүүлээгүй. Хэлэлцээрээр хүлээсэн үндсэн үүргээ огт биелүүлээгүй. Ажил хаялтын хүрээ маргаашнаас /өнөөдрөөс/ тэлэх төлөвтэй байгаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн байдлаар нийслэлийн 114 сургуулиас 86, 192 цэцэрлэгээс 89 нь, ШУА-ийн 12 хүрээлэн ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар хэдэн сургууль, цэцэрлэг ажил хаяад байгаа талаар нэгдсэн мэдээлэл ирээгүй” гэсэн мэдээллийг өгөв.
Ийнхүү салбарын яам нь цөөхөн сургууль ажил хаясан болгох гэсэн, ҮЭХ нь олон сургууль хамруулсан гэсэн мэдээлэл түгээхээр эрх ашгаа өмнөө барьж, арьсаа хамгаалцгаав. Гэвч үнэндээ 12 сургууль ажил хаялаа гээд Ц.Цогзолмаа сайдын ажил сайнаар хэмжигдэхгүй. Хичээлдээ явж чадахгүй үлдсэн хүүхэд, ажлаа хийж чадаагүй эцэг эхчүүд гээд үнэлж болох, болохгүй хохирол их бий. Тиймээс эрдмийн баярыг эрх ашгаа хамгаалж бойкот хийдэг өдөр болгосон багш нар, МҮЭХ, эсэргүүцэл жил дамнаж байхад өдийг хүртэл шийдэж чадахгүй хүүхдүүдийг хохироож байгаа БСШУС-ын яамныханд ямар хариуцлага тооцох вэ.
МҮЭХ-ны мэдэгдсэнээр Засгийн газар цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх аргыг л хайж ирсэн. Хүүхдийн боловсрох эрхийг ойлгож байгаа ч ар гэртээ санаа зовж байгаа багш шавийнхаа төлөө зүтгэж чадахгүй байгаа аж.
Гэтэл Засгийн газраас бага ч болов төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй биш нэмсэн. Цалингаа голж байгаа багш нарын цаана хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжаад "дуугүй” л ажлаа хийж байгаа 80 мянган хүн байгааг сануулах нь илүүц биз.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
С.УЯНГА
Сэтгэгдэл байхгүй байна.