“Макс Ойл” компани улсын хил дээр үйлдвэр барихыг ҮАБЗ зөвшөөрсөн үү?
Уул уурхайн компаниуд төр, засгийн толгой дээр сандайлж суугаад хүссэнээ хийдэг болсны бас нэг жишээ "Макс Ойл” группын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд барьж буй газрын тосны үйлдвэр болоод байна.
"Макс Ойл” групп Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед тус сумын Тарган тал хэмээх газар анх газрын тосны хайгуулын зөвшөөрөл авсан байдаг.Түүнийгээ нэг мэдэхэд хоёр улсын Засгийн газар хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээтэй, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар газрын тос олборлох үйлдвэр барих зөвшөөрөл болгон өөрчлүүлж, өнгөрсөн хавар тоног төхөөрөмжөө суурилуулж харуул хамгаалалт гаргажээ. Мөн улсын хилийн цаад талд Хятадын хувийн компаниуд газрын тос боловсруулах үйлдвэрүүдээ бариад эхэлсэн байна.
Эрдэнэцагаан сумын нутаг Тарган тал хэмээх газар нь өмнөд хөрштэй залгаа хилийн …р заставын хамгаалалтын бүс, Бичигтийн боомтын зам дагуу орших дархан цаазат газар юм. Тэнд "Дэлхийн улаан ном”-д орсон халиун буга, бор гөрөөс, түүнчлэн цагаан зээр нутагладаг. Хилийн хориотой бүс учраас тийш нь нутгийн иргэдийг нэвтрүүлдэггүй. Тэгсэн атал ийнхүү Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Газрын тос олборлох үйлдвэр барьснаар, хятад ажилчдын хотхон, хилийн застав хоёр зэрэгцэж байрлах болж байгаа юм.
Энэ талаарх мэдээлэл олон нийтэд төдийлөн хүрээгүй. Засгийн газар, АМГТГ ч таг чиг байгаа. Хязгаар нутгийн иргэд хөрш зэргэлдээ Дорнод аймгийн Матад суман дахь "Петро Чайна Дачин Тамсаг” компани хэрхэн байгаль орчныг сүйтгэж, Тамсагийн талыг там болгосонтой адил юм болох вий хэмээн болгоомжилж байгаа. Гэтэл АМГТГ-ын түшмэлүүд тус аймагт уул уурхайн талаар хэлэлцүүлэг хийхдээ энэ талаар асуусан иргэдийг "Газрын тосны олборлолт бусад уул уурхай шиг байгаль орчныг сүйтгэдэггүй. Битгий андуураад бай” хэмээн зандарчээ. Өдгөө тэнд газрын тос олборлох ажил явагдаж байгаа. Өнгөрсөн долдугаар сарын 28-29-нд Алтан-Овооны их тахилгын үеэр Бичигтийн боомтоор газрын тосны үйлдвэрийн ажиллах хүч гэх нэрээр 25-30 хятад иргэнийг оруулж ирсэн гэсэн мэдээлэл байна.
Улсын хил зөрчин газрын тосны хайгуул, олборлолтын ажил явуулж байгаа нь яаж ч бодсон улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолд харшилна. Тэгвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар, тухайн үед Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ц.Элбэгдорж нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцүүлсэн үү. Зөвшөөрөл авсан уу. ҮАБЗ нь хэдхэн хүний хувийн компани шиг болсон уу. "Макс Ойл” компани улсын эрх ашгаас давсан үйл ажиллагаа явуулж байгааг хянах, шалгах газар байна уу гэдэгт эрдэнэцагаанчууд эргэлзэж, гайхаж байна.
Эх сурвалж: news1.mn
Сэтгэгдэл байхгүй байна.