"Гацуурт" ХХК мал аж ахуйн салбарт томоохон шинэчлэл хийхээр "Үржил селекцийн төв" байгууллаа
Өндөр ашиг шимт малын цөм сүргийг үржүүлэх "Үржил селекцийн төв” Монгол Улсад анх удаа нээлтээ хийлээ. Энэхүү төвийн гол зорилго нь монгол орны эрүүл, өндөр ашигтай мал сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх юм. Тодруулбал, тус төв нь малын үржлийн ажлыг орчин үеийн биетехнолгийн аргаар гүйцэтгэж улмаар мах сүүний чиглэлийн үүлдрийн малыг үржүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, мөн малын удмын санг хадгалж, хамгаалах зорилготой аж.
Үүнийг тооцоолон "Гацуурт” компани өндөр ашигт 4 үүлдрийн үхрийг нутагшуулж байна. Улмаар Франц улсаас орчин үеийн мал үржилд зориулсан тоног төхөөрөмжийг оруулж ирж, дээрх ашиг шим ихтэй дөрвөн үржлийн бухыг ашиглаж, жилд 6000 гаруй үнээнд Зохиомол хээлтүүлгийг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэж малын үржлийн ажлыг орчин үеийн биотехнолгийн аргаар гүйцэтгэж, үржүүлж чадвал мах сүүний чиглэлийн үүлдрийн малын тоо өснө. Мөн малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэх боломж өндөр болох нь.
"Үржил селекцийн төв”-ийн мэргэжилтэн Х.Ганзориг "Гацуурт ХХК нь 2002 оноос мал аж ахуйн салбарыг хөгжүүлж ирсэн. Ингэхдээ өндөр ашиг шимтэй малын үржүүлгийг орчин үеийн био технологийн тусламжтай хийж ирсэн. 2015 оноос малын "Үржил селекцийн төв”-ийн ажлыг эхлүүлсэн. Харин 2018 оны долдугаар сарын нэгнээс албан ёсны үйл ажиллагаа хэлүүлсэн байгаа. Энэхүү төвийн давуу тал нь дотооддоо үр үйлдвэрлэх буюу өндөр ашиг шимт малын үрийг дотооддоо үйлдвэрлээд олон тооны хээлтүүлэгчийг нэгэн зэрэг зохиомол хээлтүүлгийн ажлыг хийх боломжтой болж байгаа юм. Үр үйлдвэрлэлийн процессийг дотооддоо үйлдвэрлэснээр нэгдүгээрт, үнэ хямд болно. Тодруулбал, гаднаас үр экспортлож авснаас хямд болно. Мөн чанартай үр гарч ирнэ гэсэн үг. Малчдад цогц үйлчилгээ үзүүлж байна. Чанартай үрээ малчдад баталгаажилтыг нь харуулаад, гаргаж авсан үрээ хээлтүүлэгчдээ зохиомол хээлтүүлэг хийх цогц үйлчилгээг үзүүлж байна. Мөн малчдаа сургалтанд хамруулж ажиллаж байна” гэлээ.
Товчхондоо сайн чанарын малын үрийг хязгааргүй хугацаанд хадгалж, ашиглах боломж бүрдлээ гэсэн үг. Малынхаа ашиг шимийг сайжруулж, удмын санг нь хадгалж хамгаалахын хүссэн малчид энэхүү "Үржил селекцийн төв” хандаж болно. Одоогоор Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлалтай Малын удмын сангийн үндэсний цогцолбор төвийг эс тооцвол малын үржлийг сайжруулах, үржил селекцийг явуулах зориулалтын лаборатори төв байхгүй юм.
"Үржил селекцийн төв” нь цаашдаа үр үйлдвэрлэл, генийн сан, зохиомол хээлтүүлэг, өндөр ашиг шимт малын удмын сангийн бүртгэл, сургалт судалгаа зэрэг чиглэлүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулж, Монголын мал аж ахуйн салбарын үржил селекцид томоохон шинэчлэлт хийх эхлэл тавьсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс шиг мал аж ахуйн бизнесийг түлхүү үйлдвэрлэдэг оронд гадагшаа гаргах мал махын тоо хэмжээ, чанар түвшинг нэмэгдүүлэх таатай боломж нээгдэх юм. Одоогоор тус төвд малын үржлийн чиглэлээр мэргэшсэн 10 гаруй мэргэжилтнүүд ажиллаж өдөрт 2000 гаруй тун үр үйлдвэрлэж эхэлжээ. Ингэхдээ үржлийн бух байрлах зориулалтын хашаа саравчтай, жилд 6000 гаруй үнээнд зохиомол хээлтүүлгийн ажлыг гүйцэтгэх, жилд 200000 тун үйлдвэрлэж урт хугацаанд хадгалах зорилгыг тавьсан байна. Монгол Улсад анх 1958 онд Зохиомол хээлтүүлгийн станц байгуулагдаж байжээ. Улмаар орон даяар нийт 36 салбар нэгж байгуулж, мал үржүүлгийн оргил хөгжлийн он жилүүдэд жилдээ нэг сая хонь, 80 мянган үнээ, 40 мянган ямаанд сайн үүлдэр, омгийн малын хөлдүү үрээр зохиомол хээлтүүлэг хийж үүлдрийг нь сайжруулж байсан удаатай.
Сэтгэгдэл байхгүй байна.