Хоёр сая 663.4 мянган толгой малыг даатгалд хамруулав
Малын индексжүүлсэн даатгалын 2015 оны борлуулалтын дүнгээр арван мянга 346 малчинтай гэрээ байгуулж, нэг тэрбум 317 сая төгрөгийн хураамж төвлөрүүлсэн байна. Хөдөө аж ахуйн давхар даатгалын компанийн мэдээлж байгаагаар энэ оны эхний хагаст хийгдсэн даатгалын үйлчилгээ нь малын индексжүүлсэн даатгалын 10 дахь борлуулалт, харин тус компанийн анхны борлуулалтын улирал байжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас долдугаар сарын 15 хүртэлх хугацаанд "Бодь”, "Монгол”, "Монре”, "МИГ”, "Практикал” болон "Тэнгэр” зэрэг даатгалын компаниудын 1805 даатгалын төлөөлөгчөөр дамжуулан малчдын даатгалыг хийсэн байна. Ингэснээр даатгуулсан малчин өрх нь нийт малчин өрхийн 6.9 хувийг эзэлжээ.
Хоёр сая 663.4 мянган толгой малыг малын индексжүүлсэн даатгалд хамруулсан нь Монгол Улсын нийт малын 5.1 хувийг эзэлж байна. Малчдын дийлэнх нь хонь, ямаан сүргээ даатгуулах сонирхол өндөр байжээ.
Даатгалд хамрагдсан малын 42.7 хувийг хонин сүрэг, 47.6 хувийг ямаан сүрэг үлдсэн 6.7 хувийг үхэр сүрэг, 2.7 хувийг адуун сүрэг, 0.23 хувийг тэмээн сүрэг эзэлж байна. 2014 онд нэг малчин өрхийн төлсөн дундаж хураамжийн дүн 95.8 мянган төгрөг байсан бол 2015 онд 127.3 мянган төгрөг болж, өссөн байна.
Гэхдээ даатгалын төлөөлөгчийн дундаж борлуулалт 1.4 сая төгрөгтэй байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 200 мянган төгрөгөөр буурчээ. Нийт борлуулалтын гол цөмийг буюу 61.3 хувийг "Монгол даатгал" болон "Бодь даатгал" хийсэн бол 12.5 хувийг "Тэнгэр даатгал", 15.2 хувийг "Практикал даатгал", 2.9 хувийг "Монре даатгал" тус тус хийжээ.