Матрын булан: “Х Apartment” хотхоны лифтнээс хүн унаж гэмтжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах "Х Apartment" хотхоны таван давхрын лифтнээс хүн унаж гэмтсэн ноцтой осол өчигдөр буюу аравдугаар сарын 17-ний өдрийн 23.00 цагийн орчимд гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус хотхоны B блокийн таван давхарт хоёр хүн зодолдож, улмаар нэгнийгээ лифтний хаалга руу түлхсэний улмаас хонгил руу унаж, осолдсон байна. Тухайн үед лифт яваагүй зогссон байсан бөгөөд хаалга цөмөрч унажээ. Одоогоор осолдсон иргэний биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Хэргийн газарт хяналтаар ирсэн НМХГ-ын улсын ахлах байцаагч П.Дашдаваа хэлэхдээ, "Лифтний хаалга хүчтэй цохисны улмаас цөмөрч, осол гарсан байна. Ямар нэг байдлаар механик үйлчлэлээр хаалгыг хүчтэй түлхэх, цохиход цөмөрнө. Харин хүчээр хоёр тийш нь онгойлгож болдоггүй, түгжээтэй байдаг. Өмнө нь энэ хотхоны оршин суугчдын зүгээс лифт нь маш их гацдаг талаар гомдол ирүүлсэн тул гомдлын дагуу шалгалт явуулж, холбогдох үүрэг даалгаврыг хугацаатай өгөөд явж байгаа" гэжээ.