Ядаж утаан дахь хүнд металлаа хэмждэг болчих!
Их утаа айсуй. Хэдийнэ сааралтаад эхэлчихсэн Улаанбаатар хотынхон удахгүй хажуудаа байгаа нэгнийгээ харахад бэрх болно. Эвлэрчихсэн энэ үнэнийг давж гарахын тулд биднийг ухаалаг бай гэсэн. Ядаж байгаа газрынхаа агаарын чанарын үзүүлэлтийг хараад аюултай төвшинд байвал гэр, орноосоо гаралгүй амиа хамгаал гээд байгаа. Өнгөрсөн арван жилд 1.4 дахин өссөн гэр хороолол, 331 мянган тээврийн хэрэгслийн үйлдвэрлэж байгаа агаарын бохирдлыг бууруулах гэрэл гэгээтэй ирээдүй ойрын үед харагдахгүй байгаа учир ядаж л бултаж зугтаад байх ухаантай байхыг шаардаж байна. Агаарын чанар ямар байгааг Улаанбаатарт суурилуулсан 15 харуул хэмждэг. Тэгвэл эдгээр харуул нь байсхийгээд л эвдэрчихдэг, ашиглалтын хугацаа нь дуусчихсан, хүний эрүүл мэндийг хохироодог гол үзүүлэлтүүдээ хэмжиж чадахгүй байна гэсэн ноцтой дүгнэлтийг төрийн аудит хийчихлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.