Ж.Дэлгэрсайхан: Хөгжлийн банк бондоо амжилттай арилжсан нь эдийн засагт өгсөн сайн дохио
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын зах зээлд саяхан 500 сая ам.долларын бонд гаргалаа. Захиалга нь найм дахин давж ирсэн нь хөрөнгө оруулагчид Монголын үнэт цаасыг худалдаж авах сонирхолтойг харууллаа гэж ярьж байна. Та хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа Хөгжлийн банкны эрх зүйн орчныг харьцангуй сайжруулсан. Хөгжлийн банкны ажил өмнөхөөсөө сайжирсан гэж би хардаг. Засгийн газраас зааварчилгаа өгсний дагуу төсөл санхүүжүүлдэг гэх мэт эргэлзээтэй зүйл өмнө нь гарч байсан. Үүнтэй холбоотойгоор хариуцаж асан сайд, удирдаж байсан хүмүүс нь хууль хяналтын байгууллагаар шалгуулж буй. Эрх зүйн орчныг нь сайжруулснаар Хөгжлийн банк хөгжлийн гол хөдөлгөгч хүч гэдэг агуулгаараа ажиллах боломж нэмэгдсэн. Хөгжлийн банк саяхан Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.долларын бонд гаргалаа. Бие даан гаргасан бонд гэдгээрээ онцлог. Энэ нь манай эдийн засагт сайн дохио мөн. Гадаад зах зээлд уначихсан манай улсын нэр хүнд 2016 оноос хойш сэргэж байгаагийн илэрхийлэл. Энэ нь ч зээлжих зэрэглэл өсөх болон бусад үзүүлэлтээс харагдаж байгаа.
-Хөгжлийн банкны гаргасан бондын хүү 7.25 хувьд хүрчээ. Засгийн газрын "Чингис” бондынхтой харьцуулбал өндөр дүн. Цаашид гадаад зээлийн хүүг бууруулахын тулд ямар ажил хийх шаардлагатай вэ?
-Монгол Улс руу гадаадын хөрөнгө их хэмжээгээр орж байсан, уул уурхайн салбарын нөхцөл сайн үеийнхтэй харьцуулахад өндөр тоо мөн. Би 2016 оны үеийнхтэй харьцуулж, дээрдэж байгаа гэж хэллээ. Манай улсын зээлжих зэрэглэл 2012 оноос хойш жил дараалан буурсаар ирсэн. Хамгийн сүүлд нэлээд өндөр эрсдэлтэй ангилалд орсныг бид мэднэ. Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сард гаргасан "Мазаалай” бондын хүү 10.875 хувьд хүрсэн. Дараа нь гаргасан "Хуралдай” бондын хүү 8.75 хувь болсон. Эдгээртэй харьцуулбал харьцангуй сайжирсан байгаа биз. Манайх цаашдаа зээлжих зэрэглэл, гадаад зах зээл дэх нэр хүндээ сайжруулах нь зүйтэй. Ингэхийн тулд маш олон хүчин зүйлээ засах шаардлагатай болно. Зээлжих зэрэглэлийг хэмждэг гол хүчин зүйл нь санхүүгийн нөхцөл байдал байдаг. Тэгэхээр өрийн зөв удирдлага хэрэгжүүлэх, төсвийн сайн менежмент хийх гэх мэтээр эдийн засгийн бодит нөхцөлөө сайжруулах шаардлагатай. Үүнээс гадна зээлжих зэрэглэлд нөлөөлдөг дэд хувьсагч гэж бий. Үүнд нь улс төрийн нөхцөл, нийгмийн байдал гэх мэт хүчин зүйл багтдаг. Ийм олон хүчин зүйл нийлж, Монгол Улсын нөхцөл байдлыг гадаад зах зээлд илтгэдэг гэсэн үг. Нэн тэргүүнд эдийн засаг, улс төр, хууль эрх зүйн орчноо тогтворжуулах шаардлага бий. Олон чиглэлд ажиллаж байж өндөр нэр хүнд, зээлжих зэрэглэлтэй болно.
-Улс төрийн нөхцөлийг тогтворжуулна гэдэг үнэхээр ярвигтай ажил бололтой. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санаачилга гаргачихлаа. Засгийн газар нь ч шинээр эмхлэн байгуулагдаад удаагүй байна.
-Монгол Улсын өрийн хэмжээ санаа зовохуйц өндөр түвшинд хүрсэн нь үнэн. Бид өр тавихдаа бодолтой байх, оновчтой менежмент хэрэгжүүлэх ёстой нь үнэн. Олон "ёстой”-г ярихаар яаж шийдвэрлэх вэ асуулт гардаг. Үүнд хариулахад үнэхээр бүрхэг. Монгол Улсын эдийн засгийн нөхцөлийг тодорхойлоход гадаад хүчин зүйл давамгайлж байгаа. Үүнээс гадна эдийн засгийг цаашид яах вэ, өнөөдөр яагаад ийм болчихсон бэ гэдгийг тодорхойлох гол хүчил зүйл улс төр яах аргагүй мөн. Өр, төсвийн дүр төрх, түүний буруу удирдлага, нийгэм, эдийн засгийн бараан талыг бий болгож буй үндсэн нөхцөл нь улс төртэй холбоотой. Өр, төсөв, санхүүжилт гээд аль ч талын удирдлагыг сайжруулахын тулд улс төрийн нөхцөлөө анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд улс төрийн намуудын засаглал, төлөвшил зөв байх шаардлагатай. Зөв намууд бий болсны дараа эх орноо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй, шуналгүй хүмүүс шалгарч, улсаа удирдах тогтолцоо бүрдэнэ, ингэж байж Монгол сайн зам дээр гарах юм байна гэж би үздэг. Ийм нөхцөл бүрдүүлэхэд хэцүү байх магадлалтай. Гэхдээ хэцүү гээд хойш суух ёсгүй. Улс төр, эдийн засаг хоёр салшгүй холбоотой. Өнөөгийн эдийн засгийн нөхцөлийг дүгнэхдээ улс төр, нийгмийн байдлаас салгах үндэслэлгүй. Эдийн засаг яагаад ийм болсон юм бэ гээд судлахаар улс төрийн тогтворгүй байдал, засаглалын чадамж сул байгаагаас шалтгаалсан байдаг.
-УИХ ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Төсвийг алдагдалтай баталж, өрөө дахиад нэмэх дүр зураг харагдлаа. Засгийн газрын өрийн сүлжээ томроод л байх бололтой.
-Монгол Улсын төсөв сүүлийн жилүүдэд маш хүндэрсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон тусгай шаардлагуудаа өөрчилж, "зөөллөдөг” болсон. Төсвийн алдагдал хэдэн их наяд төгрөгт хүрдэг боллоо. Сүүлийн гурван жилд 6-7 их наяд төгрөгийн төсвийн алдагдал "үйлдвэрлэчихээд” сууж байна. Ирэх оны төсвөө хоёр их наяд төгрөгийн алдагдалтай батлахаар ярьж байгаа. Алдагдалтай төсөв батлах шаардлага бий юү гэвэл үгүй. Өр үүсгэж байгаа гол сурвалж бол төсвийн алдагдал. Манайхан төсвөө зөв төлөвлөж чаддаггүй. Орлого нь төлөвлөснөөсөө их хэмжээгээр дутдаг, тэр хэмжээгээр алдагдал нь нэмэгддэг. Төсвийн бодлого тэр чигтээ муу гэж би хэлнэ. Төлөвлөлт, хэрэгжилт нь муу. Төсвийн нийгэм, эдийн засгийн үр ашиг гэж алга. Тиймээс төсвийн шинэчлэлийг даруй хийх шаардлагатай. Нийгэм, эдийн засгийн үр ашиг байхгүй юм бол төсвийг өндөр хэмжээгээр тэлж, алдагдалтай батлах хэрэггүй. Төсвөө аль болох алдагдалгүй баталж, эдийн засагтаа дарамт үүсгэх хэрэгтэй юм биш үү. Төсвийн онолын хүрээнд алдагдалтай байхыг зөвшөөрсөн хандлага байдаг. Гэхдээ зөв засаглалтай байгаад, алдагдал нь нийгэм, эдийн засгийн өндөр үр ашиг авчрах тохиолдолд ингэхийг зөвшөөрдөг юм. Бид зөв засаглалтай байж, өндөр үр ашиг хүртэхийн төлөө төсвөө алдагдалтай баталж байна уу гэвэл асуудалтай. Сүүлийн жилүүдийн төсвийн тэлэлт иргэдийн амьжиргаа, нийгмийн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, аюулгүй амьдрах орчныг сайжруулсан уу гээд асуухаар эргэлзээтэй. Бид төсвийн бодлогоо маш хурдан засах ёстой. Ингэхгүй бол нийгэм, эдийн засагтаа тус биш, ус болох нь гэсэн өнцгөөс харах цаг болсон.
-Хөгжлийн банк бонд гаргаснаар улсын өр дахиад л их наяд гаруй төгрөгөөр нэмэгдэнэ. Манай улстөрчид өрөө тууштай багасгана гэж ярьдаг. Гэтэл тууштай нэмсээр байгаа юм биш үү?
-Өрийн хувьд ойлговол зохих асуудал бий. Бид 2016 онд өрөө нэмэхээс өөр аргагүй нөхцөлд хүрсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Өрийг өрөөр дарахаас, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй нөхцөлд хүрсэн гэж боддог. Дахин өр тавих болсон нь өмнөх суурь шалтгаанаас үүдэж байгааг ойлгох хэрэгтэй. Гэхдээ үүнд дулдуйдаад хэт их хэмжээний өр нэмээд тавиад байх ёстой юу гэвэл үгүй. Цаашдаа өрийг өрөөр дарахгүйн төлөө УИХ, Засгийн газар ажиллах ёстой. Энэ талаас нь асуудлыг хараасай гэж бодож байна. Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьтай, гадаад өр огцом өссөн, 2017 он гарангуут төлөх ёстой зээл хүлээж байсан, нийгэм, эдийн засгийн нөхцөл гурван жил дараалаад уначихсан, ядуурлын түвшин найман хувиар өсчихсөн байлаа. Ийм эдийн засгийг сэргээхийн тулд гадаадаас тодорхой санхүүжилт авах шаардлага тулгарсан. Засгийн газар тухайн үед гаргасан "Хуралдай”, "Гэрэгэ” бондоороо өмнөх өрөө төлснийг бид мэдэж байгаа. Одоо Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээд орж ирж байгаа өр зээлийг анхааралтай ажиглах ёстой. Энэ мөнгийг зарцуулахдаа өмнөх алдаагаа давтаж болохгүй. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх суурь болох хөтөлбөрийг санхүүжүүлэх хэрэгтэй. Хөнгөлөлттэй зээл, тусламж тодорхой зорилго, дагалдах нөхцөлтэй байдаг. Тиймээс зориулалтын дагуу зарцуулна гэж найдаж байна. Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд гаргаснаар Монгол Улсын өр нэг их наяд төгрөгөөр нэмэгдэх нь мэдээж. Гэхдээ энэ мөнгийг Хөгжлийн банк шинэ эрх зүйн орчныхоо хүрээнд хөгжлийн төсөл, хөтөлбөрт зарцуулах байх. Улс төрөөс ангид, тусдаа эрх зүйн орчны хүрээнд ажиллаж байгаагийн хувьд Хөгжлийн банк Монгол Улсыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх ёстой. Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу авсан зээлээрээ зөв төсөл санхүүжүүлдэг, тэр нь өндөр өгөөж өгч буй тохиолдолд Монгол Улсын өр нэмэгдэж байгаад санаа зовох шаардлагагүй. Даанч өр, төсвийн удирдлагын бодлого нь туйлын зөв биш учраас "Чингис” бонд шиг эргэн төлөгдөхгүй төсөлд зарцуулчих вий, эдийн засагтаа аюул учруулчих вий гэсэн болгоомжлол байна. Өмнөх түүх хардахаас өөр аргагүйд хүргэчихээд байна л даа.
-Босгосон мөнгөө өмнөх өрөө дарахад зарцуулна гэж Хөгжлийн банкныхан ярьсан байна лээ.
-Хөгжлийн банкны төлөх өр нь 500 сая ам.долларт хүрэхгүй юм байна гэж харсан. Иймээс илүү гарсан мөнгө болон Хөгжлийн банкны бусад эх үүсвэрээс хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх ёстой.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл байхгүй байна.