Шил дараалсан БОНДЫН эргэн төлөлт хаяанд ирлээ
Өмнөх Засгийн газрын үед "Чингис” бондоос эхлүүлээд "Самурай”, "Хөгжлийн банк”, "Мазаалай” тэргүүтэй ар араасаа цуварсан олон бондыг босгож байв. Бондын талаар тэр бүр мэддэггүй байсан үеэ бодвол иргэдийг ой тойнд анхан шатны мэдэгдэхүүн суулгатал нь бонд гаргасан нь энэ. Хэн нэгнээс авсан, зээлсэн бол түүнийг нэг л өдөр эргээд төлөх учиртай.
Тэгвэл төр улсаа төвхнүүлэхтэй зэрэгцэн дараалсан бондын эргэн төлөлтийн хугацаа хаяанд ирээд байна. Тодруулбал, бондын эргэн төлөлтийн эхнийхийг товлосон хугацаагаар бол ирэх оны гуравдугаар сараас өгнө. Гэтэл төсвийн алдагдал албан ёсоор 1.1, албан бусаар 1.2 их наяд хүрч, зарим тоон мэдээлэл өсөлттэй гарсан ч эдийн засгийн ерөнхий үзүүлэлт буураад буй. Мөн чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд хэдийнэ давж, хугацаа хэтэрсэн зээл 831 тэрбумыг шүргэсэн зэргээр эдийн засгийн салбарын цөөнгүй үзүүлэлт түүхэн дээд амжилт тогтоох болсныг учир мэдэх хүмүүс онцолж эхлээд байна. Ийм атал бондын эргэн төлөлт юу юугүй үүдээр ороод ирэх нь. Бондын эргэн төлөлтийн эхний үе буюу ирэх оны хоёрдугаар улиралд Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийнэ.
Тодруулбал, ойролцоогоор 520 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргана. Үлдсэнийг нь санхүүжилт хийсэн төслүүдээс эргэн төлөх юм. Тусгаар тогтносон улсын хувьд яадгаа алдчихаагүй тул эхний удаагийн 580 сая ам.долларыг ямар нэг хөтөлбөр, санхүүжилтээр яаж ийгээд төлөх боломжтой. Гол асуудал нь түүний дараа, дараагийн бондын эргэн төлөлт саяар биш тэрбумаар яригдана. Тодруулбал, 2018 онд дахин 500 сая ам.долларыг эргэн төлж үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2022 онд нэг тэрбум ам.долларыг төлөх учиртай. Төд удалгүй 2023 онд "Самурай” бондын 30 тэрбум иенийн эргэн төлөлтөө хийнэ.
Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлд босгосон бондын эргэн төлөлтийн цикл ойр ойрхон үргэлжлэх юм. Тэгэхээр эдгээрийг хаанаас ямар шугамаар гаргаж төлөх, төллөө гэхэд дараалсан өрийн "пянг” манай эдийн засаг даахуу гэдэг асуудал мэдээж үүснэ. Хэдийгээр 2017, 2023 оны эргэн төлөлтийг Монгол Улсын Хөгжлийн банк төлөх ч баталгаа гаргагч нь Засгийн газар тул яалт ч үгүй улсын асуудал болоод байгаа билээ. Одоогийн эдийн засгийн статистик мэдээллээр гадаад худалдааны тэнцэл эерэг нөлөө үзүүлж ам.долларын гадагш урсгалыг тодорхой хэмжээнд бууруулж байгаа ч үүнийг удаан үргэлжлэхгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж буй.
Урд хормойгоор хойд хормойг нөхөх арга хэмжээ авлаа гэхэд тэр ч бас удаан үргэлжлэхгүй. Учир нь гаднын улс орон манай эдийн засгийн салбарыг хүнд байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалтаа татаж, бид аргагүй байдалд орсноор дахиад л өндөр хүүтэй мөнгө зээлэх, цаашлаад өрийн дарамтанд орох зэрэг сөрөг хандлага гарахыг үгүйсгэхгүй. Хэрвээ боломжгүй бол бондын эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж ч магадгүй гэсэн бор шувуу ниссэн ч бондын гэрээ, түүний талаарх заалтууд ил тод биш учир эдгээрийг баталгаатай тийм гэж хэлэх боломжгүй юм. Шинэ буюу Мэргэжлийн Засгийн газрын суудал, нүүдлийн улмаас эдгээр асуудал түр зогсолт хийж, хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа. Гэсэн ч авсан нь үнэн болохоор төлөх нь үнэн.
Эдийн засагчдийн байр суурь Б.ОЮУНЦАЦРАЛ: ОДООГИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ЭНЭ ӨРИЙГ ТӨЛӨХ МӨНГӨ БАЙХГҮЙ
Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч
-Бондын эргэн гөлөлтийг 2017, 2018, 2022 онд хийх ёстой. Эхний
ээлжинд 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны гаргасан 580 сая
ам.долларын эргэн төлөлтийг хийнэ. Үүнтэй холбоотойгоор ойролцоогоор 520
орчим тэрбум төгрөг улсын төсвөөс төлж, үлдсэнийг нь санхүүжилт хийсэн
төслүүдээс эргэн төлнө гэсэн. Өнөөдрийн эдийн засгийн байдалтай холбон
үзэхэд бондын эргэн төлөлтийг хэрхэн харж байна вэ?
-Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Засгийн газрын 500 сая ам доллар
хамгийн ойр төлөгдөх ёстой байгаа. Одоогийн Засгийн газарт энэ өрийг
төлөх мөнгө байхгүй. Төсөвт нь суусан Хүүхдийн мөнгөө ч өгөх боломжгүй
байгаа. Монголбанк энэ оны эхний зургаан сарын байдлаар 93.6 сая
ам.долларын урсгал тэнцлийн алдагдалтай байгаа зэргээс харахад төсвийн
болон урсгал тэнцлийн алдагдалаа нөхөхийн тулд дахин зээл авах л аргаа
хэрэглэх байх. Учир нь одоогийн Засгийн газрын бүтцээр давхар дээл, дэд
сайдууд гээд төсөв нэлээд үрэлгэн байх төлөв ажиглагдаж байна. Манай
улсын нийт гадаад өр энэ оны гуравдугаар сарын 31-ний байдлаар 22.598.8
тэрбум ам.доллар байна.
-Бондын эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах боломж бий юү. Гэрээ контрактад нь юу гэж заасан байдаг вэ?
-Гэрээ мэдээж харилцан тохиролцдог учир манай талаас араа харсан зүйл
байгаа байхаа. Гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд хүлээлгэх
хариуцлагын механизм байж л таараа.
-Зарим эх сурвалж бондын эргэн төлөлтийн хугацааг сунгаж,
хойшлуулах талаар ярьж байна. Тийм боломж бий юү. Хэрвээ тэгвэл эргэн
төлөлтийн хүү нэмэгдэх, нэмэлт нөхцөл шаардлага гарч ирэх зэргээр эргэн
төлөлтөд өөрчлөлт гарах уу?
-Мэдээж хэрэг санхүү, эдийн засаг, дээрээс нь улс төрийн тогтвортой
байдал өрөө төлөх асуудлыг хойшлуулахад ихээхэн нөлөөтэй. Тиймээс эдгээр
нь харьцангуй тогтвортой байгаа улсын хувьд хугацаа хойшлуулах асуудал
байж болно. Харин эдгээр нь тогтворгүй, бүгд давхцаж буй тохиолдолд
хугацаа сунгалаа гэхэд богино хугацаагаар, нэмэлт нөхцөл тавих нь
ойлгомжтой.
-Хэрвээ ямар нэг байдлаар хойшлуулах, төлөх хугацаагаа сунгах боломж,
заалт байхгүй бол бондын эргэн төлөлтийг хаанаас санхүүжүүлж төлөх байх
гэж харж байна вэ. Үүнтэй холбоотойгоор манай улсын төсвийн алдагдал,
валютын нөөц зэрэгтэй холбон тайлбарлахгүй юү?
-Дээр хэлснээр хойшлуулах, сунгах боломжгүй болсон тохиолдолд дахиад л өөр газраас зээлээ авах байх. Тэр нь бүүр л илүү хатуу нөхцөлтэй болдог кэйсүүд байна. Монголбанкны статистикийн мэдээллээс харахад энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын гадаад валютын албан нөөцтэй байна.
-Бондыг эргэн төлөхийн тулд ямар нөхцөл шаардлагатай, хамгийн зөв арга зам нь юу гэж харж байна вэ?
-Засгийн газрын бүтцийг маш сайн хумих, бүсээ чангалах гэх мэтээр төсвөө
хэмнэх шаардлага нэн тэргүүнд шаардлагатайбайна. Цаашлаад төсвийн
хөрөнгийг оновчтой хуваарилах, эргээд үр ашгийг хянадаг,
хариуцлага тооцдог механизм
бүрдүүлэх хэрэгтэй. Улсын болон гаднаас авсан зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдэд мониторинг хийдэг болох хэрэгтэй.
Ц.БААСАНСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Сэтгэгдэл байхгүй байна.