МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл рүү улстөрчдийн халаасны хүмүүс “гэтэж” байна
УИХ ойрын үед МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлийн гишүүдийн ээлжит сонголтыг хийх гэж байна. Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн сонгуульт хугацаа дууссан тул шинээр нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт зарлагдаад байгаа юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо аравдугаар сарын 26-нд шинээр нэр дэвшихийг хүсэгчдийн материалыг авч дуусчээ.
Олон нийтийн эрх ашигт үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаа явуулдаг байгууллагын нэг бол МҮОНРТ. Одоо уншигч Та МҮОНРТ сонсогч, үзэгчдэд зориулсан үндэсний хэмжээний мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэн, нийтийн хүртээл болгож чаддаг уу гэсэн асуултад хариулах гээд үзээрэй. Асуултад иргэдийн дийлэнх нь хангалттай гэсэн хариуг өгөх нь юу л бол…
МҮОНРТ-ийн бодлого улстөрчдийн нөлөөнд өндөр автдагаас болж нийтлэл нэвтрүүлгийн чанар үндэсний хэмжээний гэсэн тодотгол руу ойртож чаддаггүй хэмээн хариулах хүн ч гарах байх. Энэ удаа ч дээр дурдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргэгдсэн материалын эзэд, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит сонгуульд оролцохыг хүсэгчдийн дийлэнх нь мөн л улс төрийн намуудын дэмжлэгээр орж ирж байгаа тул энэ сэдвийг хөндөх нь зүйтэй гэж үзлээ.
Үндэсний зөвлөл бол МҮОНРТ-ийн нийтлэлийн бодлогыг тодорхойлж, сонгон шалгаруулалт явуулах, үндсэн үүргээ биелүүлэхэд нөлөө үзүүлэх, аудит оруулах гэх мэт ажлыг хариуцдаг нэг ёсондоо энэ байгууллагын уураг тархи нь гэж хэлж болно. Гэвч Үндэсний зөвлөлийн гишүүд нь Олон нийтийн радио, телевизийн хууль хэрэгжиж эхэлсэн 2005 оноос хойш дандаа гадны хөндлөнгийн улстөрчдийн нөлөөтэй, хамааралтай хүмүүсээр бүрдэж эхэлсэн юм.
Улс төрийн нам, улстөрчдөд хэт хамааралтай гишүүдээс бүтсэн Үндэсний зөвлөл олон нийтийн радио, телевизийг жинхэнэ утгаар олон нийтийн нийтлэл нэвтрүүлгийн тал руу хөтлөх биш эсрэгээр улс төрийн бодлогоо дамжуулан түгээх хэрэгсэл болчихоод байгаа гэх маргаан үе үе үүнтэй холбоотойгоор хөндөгдөх болсон.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг Төрийн бус байгууллагууд санал болгож, Ерөнхийлөгч дөрөв, Засгийн газар дөрөв, УИХ долоон гишүүний нэрийг дэвшүүлж, УИХ хэлэлцэн баталдаг. Тэр утгаараа улстөрчдийн хамаарал орж ирдэг бөгөөд энэ удаагийн сонгон шалгаруулалтад ч энэ байдал давтагдах гэж байна.
Энэ удаа Үндэсний зөвлөлийн таван гишүүний орон тоон дээр сонгууль явагдах гэж байгаа. Зургаан жилийн хугацаатай УИХ-аас томилогдох, шинээр сонгогдох гэж буй таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг Засгийн газар, гурвыг нь УИХ томилох эрхтэй байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс М.Куланда, Сэмүүн студийн Б.Баяр нар яригдаж байгаа юм байна. М.Куланда гэхэд хэдийгээр МҮТОНТ-д ажиллаж байсан ч АН-ын гишүүн, АН-ын Засгийн газарт Төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэгэн. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн багаас дэмжлэг авч Үндэсний зөвлөл рүү дөтөлж байна.
Харин Засгийн газар талаас Ө.Нарангэрэл яригдаж байгаа гэнэ. Ө.Нарангэрэл нь МҮОНТВ-д Тамгын газрын дарга, удирдах албан тушаал хашиж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн. Соцдек намын угшилтай энэ хүн цагтаа МҮОНТВ-ийн бүх хорыг хийлцдэг байсан гэдэг. Тэтгэвэртээ гарсан хүн Үндэсний зөвлөлд юу хийх юм бүү мэд. Шинэ санаа оноо гэж бараг үгүй болсон энэ хүнээс олон нийтийн эрх ашигт нийцсэн нэвтрүүлэг, нийтлэлийн бодлогын тухай асуух нь дэмий зүйл байлтай. Гэсэн ч МАН-ын Засгийн газар түүнийг Үндэсний зөвлөлд зүтгүүлэхээр болсон нь сонин.
УИХ талаас МҮОНТВ-ийн хөтлөгч Д.Цоодол, МҮЭ-ийн Х.Амгаланбаатар, Сү.Батболдын эгч С.Алтанцэцэг нар яригдаж байгаа юм байна. МАН-ын томоохон фракцын тэргүүн Сү.Батболдын хувьд ч МҮОНРТВ сонирхсон татсан байгууллага болж байгаа бололтой. Тэр эгчийгээ Үндэсний зөвлөлд зүтгүүлж УИХ-аар дэмжүүлэх ажлыг зохион байгуулж яваа гэнэ. Д.Цоодолын тухайд түүнийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан зүтгүүлж байгаа юм байна. МCS группын УИХ дахь төлөөлөлд бас МҮОНТВ ихэд сонирхол татсан байгууламж болж буй гэлтэй. Ингээд дурдвал нэр дэвшигчид бүгд л улс төрчдөөс хамааралтай, тэдний шошгыг духандаа наан урагшилж байна.
МОНРТВ-ийн Үндэсний зөвлөл гэх мэргэжлийн байх ёстой энэ байгууллагад улс төрчдийн халаасны олон хүн орж ирснээр энэ байгууллагын ажил урагшилсангүй. Эсрэгээр унаж байгаа. Үндэсний зөвлөл нь Улс төрийн чиг хамааралтай хүмүүс дүүрчихдэг учраас гишүүдээ МҮОНРТ-ийн захирлууд нь авлигадах, гадаадад аялуулах ажлыг зохион байгуулж, амыг нь хамхиад сурчихсан байдаг.
Хяналтаа тавьж, үндсэн үүргээ хэрэгжүүлж чаддаггүй гишүүдийн горыг МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь хамгийн гашуунаар амссан бөгөөд тэр МҮОНТ-ийн их хэмжээний хөрөнгийг идсэн хэргээр албан тушаалаа өгч байсан юм. МҮОНТВ 2018 онд гэхэд улсын төсвөөс 30 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Энэ нь энэ байгууллагын түүхэн дэх төсвөөс авсан хамгийн их хэмжээний хөрөнгө юм. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тус байгууллагад аудит хийгдээгүй байгаа. Хэрвээ хийгдвэл юу ч гарч ирж магадгүй талаар ажиллагсад нь ярилцаж байгаа.
Үндэсний зөвлөлийн гишүүд өнөөдөр ямархуу хэмжээний ажил хийдэг вэ гэхээр тендер зарлахаар өөрийн компаниа оруулах, өөрсдөө томилдог захирлынхаа нөлөөнд автах гэх мэт аахар шаахар л зүйлийг хийдэг.
Энэ удаа олон нийтийн тодотголтой МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд цус сэлбэж, энэ гал тогоонд зогсож байсан шинэ хандлага, шинэ хүмүүсээр бүрдүүлэхгүй бол МҮОНРТ иргэдийн эрх ашигт үйлчилүүлэх, тэдний өмнө хариуцлага хүлээлгэх чадваргүй, нооройсон байгууллага болоход ойртжээ.
https://updown.mn/62450.html
Сэтгэгдэл байхгүй байна.