Н.Ариун-Эрдэнэ: Өөртөө эерэг хандлагыг бий болгосноор өөрийгөө хөгжүүлж амьдрал дахь стрессээ багасгаж чадна
Сэтгэл судлалын салбарыг таньж мэдсээр цөөнгүй хугацааг бид үдсэн. Бид сэтгэл судлаачид хандсанаар хэрхэн хөгжиж болох, сэтгэл хангалуун амьдрах олон арга хэлбэр бий болохыг мэдэх боломжтой юм. "Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв”-ийн сэтгэл судлаач Н.Ариун-Эрдэнэтэй сэтгэл судлалын салбарын талаар ярилцлаа.
-Танай "Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв” хэзээ байгуулагдсан бэ? Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Энэ талаар яриагаа эхэлье.
-Манай Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв нь гэр бүл хүүхэд, хувь хүн байгууллага хамт олонд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө сургалт оношилгоо, клуб ярилцлага судалгааны үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх сурталчлан таниулах, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2016 онд байгуулагдсан. Манайх олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна бусад байгууллагуудтай энэ чиглэлээр хамтын ажиллагаатай ажилладаг.
-Сэтгэл судлалын шинжлэх ухаан манай улсад үүсч хөгжөөд хэр удаж байгаа вэ?
-Сэтгэл судлал бол нэлээн сүүлд дэлгэрсэн шинжлэх ухааны салбар юм. Манай улсад энэ салбарын шинжлэх ухаан харьцангуй хожуу үүсэж бий болсон залуу шинжлэх ухаанд тооцогддог. Та бүхэн мэдэж байгаа байх манайхан сүүлийн үед сэтгэл судлал буюу сэтгэл зүйн зөвлөгөөг харьцангуй сайн хүлээж авдаг болсон. Тэгэхээр сэтгэл судлал гэдэг маань хүн ба адгуусан амьтны сэтгэц болон зан үйлийг судалдаг шинжлэх ухааны нэг салбар гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл сэтгэл судлал нь сэтгэцийн эмгэг өөрчлөлтийг оношлох болон түүнтэй холбоотой бүх асуудлыг авч үздэг гэсэн үг.
Сэтгэл судлал дотроо маш олон салбар шинжлэх ухаантай байдаг. Үүнд хүүхдийн сэтгэл судлал, харилцааны сэтгэл судлал, эмнэлэгийн сэтгэл судлал, спортын сэтгэл судлал гэх мэтчилэн маш олон салбаруудтай байдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухааны судлах зүйл нь хүний сэтгэцийн үүсэл хөгжил, түүний физиологийн үндэс, сэтгэцийн дээд хэлбэр болох ухамсар, сэтгэцийн үйл ажиллагааны илрэлийн зүй тогтол, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс юм. Тиймээс тэрхүү судлах зүйл нь хөгжин гүнзгийрч тухайн шинжлэх ухааны төрөл салбарууд болон бие даан хөгжсөн. Психологи буюу сэтгэл судлал нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг шинжлэх ухааны нэгэн салбар гэж ойлгож болно.
-Манай оронд сэтгэл судлалын шинжлэх ухаан хэр хөгжсөн бэ? Сэтгэл судлаачдын хэрэгцээ хэр их байгаа бол.
-Би түрүүн хэлсэн сэтгэл судлалын шинжлэх ухаан манай улсад харьцангүй залуу шинжлэх ухаанд тооцогддог гэж. Сэтгэл судлалын шинжлэх ухааны хэрэгцээ шаардлага сүүлийн үед манай оронд маш өндөр тавигдаж байна. Сүүлийн үеийн байдлаас харахад хүмүүс энэ шинжлэх ухааны ач холбогдлыг маш сайн ойлгодог болж, өдөр тутмын амьдрал ахуй болон хүмүүстэй харилцах харилцаа, үр хүүхдээ хүмүүжүүлэх зэрэг олон зүйлд хэрэглэдэг болсон нь ажиглагдаж байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны тухайд бүхэлд нь ярих юм бол асар өргөн хүрээтэй, гайхалтай шинжлэх ухаан. Гадаадын ихэнх орнуудад, тэр дундаа баруун Европын улс орнуудад сэтгэл судлалын шинжлэх ухаан маш том байр суурийг хэдийнээ эзэлчихсэн.
Манай сэтгэл судлаачдын хувьд өнөөдөр яг хаана ажил мэргэжлээрээ ажиллаж байна вэ? гэвэл цэрэг, цагдаагийн байгууллага, эмнэлэг, сургууль, зөвлөгөө өгөх төв, мөн хувийн байгууллагуудад хүний нөөцийн ажилтан зэрэг ажлуудыг хийж байна. Бас өөр орон тооны нэрээр сэтгэл судлалын чиглэлээр судлагаа хийж байна гэж ярих хүмүүс ч цөөнгүй байгаа.
-Өнөөдөр Монголд нэлээдгүй олон сэтгэл судлалын зөвлөгөө өгөх төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт жинхэнэ мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа болов уу? Энэ төвүүд үнэхээр сайн ажиллаж чаддаг уу?
-Яг одоогоор сэтгэл судлалын төвүүдэд энэ чиглэлэээр зөвлөгөө өгч байгаа бүх хүмүүсийг бүгдийг нь жинхэнэ мэрэгжлийн сэтгэл судлаач мөн эсэхийг нь шалгах боломжгүй юм. Гэхдээ миний ойлгож байгаагаар энэ ажлыг дурын мэргэжлийн бус хүмүүс хийх боломж үнэндээ байдаггүй бөгөөд тэдгээр төвүүдэд мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа гэдэгт би зуун хувь итгэлтэй байна.
Бас нөгөөтэйгүүр хэлэхэд саяын таны асуусан зүйл бол үнэхээр хурцадмал асуудлын нэг мөнөөсөө мөн. Яагаад гэхээр эдгээр төвүүдийн цаана хэн ажиллаж байна вэ? гэдгийг шалгах, хянах, эрх хэнд ч байхгүй байна. Хууль эрх зүйн орчин ч алга гэдгийг хэлэх ёстой.
-Өнөөдөр сэтгэл зүйчдэд хамгийн ихээр хандаж буй ямар асуудлууд байна? Энэ талаар ярихгүй юу?
-Өнөөдөр иргэд хүмүүс голчлон ямар асуудлаар бидэнд хандаж байна гэхээр хүүхдийн хүмүүжил болон гэр бүлийн асуудлаар их хандаж байна. Яагаад гэвэл хүмүүс хүүхдийнхээ ааш авир болон онцлог, сэтгэл хөдлөл мэдрэмжийг нь ойлгохгүй байх зэрэг асуудлуудаас үүдэн маш их стресст орж байна. Дараачийн нэг асуудал бол насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдийн дунд бусдын дарамтанд орох, эцэг эхтэйгээ үл ойлголцох, тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэх, дэмий тэнэх, өөртөө санаатай болон санамсаргүйгээр хохирол учруулах, зодоон цохионд оролцох, бэлгийн харилцааны буруу дадалтай болох зэрэг амьдралын буруу хэв маяг маш их байна.
Мөн түүнчлэн өнөөдөр манай нийгэмд хувь хүний сэтгэл гутрал, амиа хорлох явдал зэрэг ноцтой асуудлууд түгээмэл байгаа нь сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн гэдгийг онцлон хэлмээр байна. Манай төвийн хувьд тэдгээр хүмүүст аль болох өөрсдийн боломж бололцоогоороо тусалж, тэднийг урт хугацааны зөвлөгөөнд хамруулж ажилладаг. Гэхдээ мэдээж энэ сургалт зөвлөгөөн нь тухайн хүнээс зуун хувь өөрөөс нь шалтгаалдаг учраас хувь хүн өөрөө маш сайн хичээж байж үр дүнд хүрдэг онцлогтой.
-Сэтгэл зүйчдийн нийгэмд гүйцэтгэх гол үүрэг юу вэ?
-Сэтгэл зүйчид нийгмийнхээ өмнө алхагч байх ёстой. Нийгэмд тулгамдсан асуудлын гарах гарцыг чиглүүлэгч байх ёстой гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл албан байгууллага, хувь хүмүүсийн сэтгэл зүйн залуурч байх ёстой. Тэр үүднээсээ сэтгэл зүйчдээс энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд асар өндөр мэргэжлийн чадвартай байхыг өнөөгийн манай нийгэмд шаардаж байна.
-Манай улсад сэтгэл судлалын төв болон сэтгэл судлаачдын хүрэлцээ ямар байгаа бол. Үүнд төр засгаас хэрхэн анхаарах шаардлагатай вэ?
-Манай улсад сэтгэл судлалын төв болон сэтгэл зүйчдын хүрэлцээ маш хангалтгүй байдаг. Үнэнийг хэлэхэд өнөөдөр хаа сайгүй сэтгэл судлаачид шаардагдаж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд өнөөдөр ерөнхий боловсролын дунд сургуулиудад сэтгэл зүйчид нэн шаардлагатай байгааг хэлэх хэрэгтэй. Мөн мэргэжлийн нэгдсэн нэр томьёотой болох хэрэгтэй. Энэ асуудал ганц сэтгэл судлалынхан биш нэлээдгүй байгууллагуудад тулгамдаад байгаа асуудал болсон. Иймээс энэ асуудлыг цогц бодлогоор авч үзэх хэрэгтэй юм.
-Өнөөдөр Монголд нийгмийн уур бухимдал болон маргаашдаа итгэх итгэл байхгүй байгаагаас хүмүүс маш ихээр стресст орж байгаа нь нууц биш. Та сэтгэл судлаач хүний хувьд энэ талаар юу гэж хэлмээр байна?
-Өнөөдөр манай нийгэмд хүмүүс маш их уур бухимадал стресстэй байгаа нь олон янзын учир шалтгаантай. Гэхдээ дийлэнх хүмүүсийг ажиглаад байхад өнөөгийн энэ нийгмийн тулгамдсан асуудлыг одоо байгаа төр засгын удирдагчдаас болж байна гэж үзэж, тэднийг хараан зүхэх нь туйлын алдаатай үзэл бодол юм. Учир нь тэртээ тэргүй тэр хүмүүсийг өөр хэн нэгнээр сольсноор нийгэмд буй энэ их тулгамдсан асуудлуудыг тэр дор нь шийдэж чадна гэж хэзээ ч байхгүй.
Түүний оронд энэ өөрчлөлтийг хувь хүн өөрөөсөө эхэлж хийх хэрэгтэй. Тэгж чадвал өнөөгийн энэ нийгэм дэх уур бухимдал бага ч гэсэн арилж, өөрийгөө болон өрөөл бусдыг стрессээс сэргийлж чадна. Би энд нэг энгийн жишээ хэлье. АНУ-ын Лас-Вегас хотод өнөөдөр маш их чимээ шуугианаас үүдэн шувууд нь огт унтаж чадахгүй стресст орж, олноороо үхэж үрэгдэж байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр тухайн орны хөгжил дэвшил болон хүний буруутай үйл ажиллагаанаас ийм асуудал үүсч байна. Иймэрхүү жишээ баримтуудыг цааш нь олныг дурьдаж болно.
-Жирийн хүмүүс стрессийг хэрхэн даван туулах вэ? Энэ талаар зөвлөгөө өгнө үү?
-Хэрвээ та стресс үүсгэж буй хүчин зүйлийг өөрчилж чадахгүй бол өөрийгөө өөрчил гэж зөвлөе. Өөртөө эерэг хандлагыг бий болгосноор өөрийгөө хүмүүжүүлж амьдрал дахь стрессээ багасгаж чадна. Мөн өөртөө хөгжилдөх амрах цаг гаргаж байвал стрессийг даван туулах чадвартай болно.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлст амжилт хүсье.
Ж.Батдорж
BOLOD.mn