Б.Батзоригийг авч үлдэх үеэр сөхөгдсөн ноцтой хэргүүд

1
11-11-4
 

С.УЯНГА

Улс орон, ард түмний эрх ашгийг төлөөлдөг төрийн түшээ эрүүгийн хэрэгтэн болж яллагдагчаар татагдсан ч түүнийг парламент хамгаалж үлдэв. Төсвийн сангаас бүрддэг мөнгийг сайд нь хувийн компани болон төрийн өндөр албан тушаалтнуудад өгсөн нь ил болсон учраас гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор чуулганы танхимд танилцуулсан ч эрх баригч намын гишүүд дэмжсэнгүй. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг ЖДҮХС-гаас хоёр удаагийн гүйлгээгээр 100 гаруй тэрбум төгрөгийг иргэн, аж ахуй нэгжид олгох явцад албан тушаалаа хэтрүүлснийг прокурорын байгууллага шалгаж яллагдагчаар татах нөхцөл байдал тогтоогдсон ч гишүүний халдашгүй бүрэн эрх тээг болж буй юм. Тиймээс халдашгүй эрхийг нь "тайлж” өгөх саналыг 76 гишүүнд тавьсан ч Б.Батзоригийг үнэн зөвөөр нь шалгуулах зөвшөөрөл олгосонгүй. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтныг хуулийн өмнө энгийн иргэнтэй ижил төвшинд шалгахын эсрэг кнопыг олонхиороо буюу 86.6 хувь нь дарлаа.

Ийнхүү энэ удаагийн парламент шударга ёсны эсрэг зогссоныхоо төлөө олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байна. Тэгвэл Б.Батзоригийг хамгаалж үлдэх үеэр УИХ-ын гишүүд томоохон гэгдэх хэргүүдийг сөхөж, үр дүнг нь Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас нэхсэн юм. АСЕМ, Хөгжлийн банк,  Монголбанкны Үнэ тогтворжуулах  хөтөлбөр, эрх баригч намын төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийн шалгалтын явц  удаашралтай байгаад гишүүд шүүмжлэлтэй хандсан юм.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Агентлаг, аймгийн Засаг дарга ажлаа тайлагнадаг больё. Сүүлийн үеийн ноцтой хэргүүд болох "Эрдэнэт”, бондууд, АСЕМ, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн шалгалт юу болж байна. Зарим асуудлыг маш түргэн оруулж ирэх атлаа хэдэн жил болсон асуудлын хажуугаар яагаад таг дуугүй өнгөрөөд байна вэ.

 

 Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Гишүүдийн яриад байгаа өмнөх том хэргүүд одоо хүртэл шийдэгдэхгүй байгаа нь үнэн. Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг заавал хүн барих тухай асуудал оруулж ирэхийг таны ажил гэж бид дүгнэхгүй. Гол нь яригдсаар байгаа томоохон хэргүүдийн үнэн, худал эсэх асуудлыг нэг талд нь гаргамаар байна. 60 тэрбумын хэрэг хоёр жил, таван сар боллоо. Ямар хэргүүд нь ийм хурдан, ямар нь удаашралтай байгаад байдаг юм бэ.

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: 

-УИХ бол ард түмний төлөөлөл төрийн эрх барих дээд байгууллага. Гэтэл өнөөдөр бидний дунд эх орныхоо эрх ашгаас урвасан хүмүүс бий. Тэднийг УИХ хамгаалсан нь ч үнэн. Төрийн ёс жаяг гэж байх ёстой. Эх орноо худалдсан хүмүүс зүгээр явж байна. Хулгайч нарыг хамгаалсныхаа төлөө УИХ-ын нэр хүнд унаж байна. Томоохон гэмт хэргүүд болох эх орны эрх ашгаас урвана гэдэг бол аюултай зүйл. Дээр үед бараг хадаас хулгайлсан хүн шоронд ордог байсан юм. Гэтэл одоо эх орноо зарж болохоор болчихсон.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Монгол Улс, хууль хяналтын байгууллагад шударга ёс байна уу. Ард түмэн өлссөндөө биш шударга ёс нэхэж бухимдаж байна. Дуулиантай томоохон хэргүүдийг шийдэхгүй арваад жил болж байна. Монголчуудын нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуульд захирагдаж амьдардаг болсон. Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкийг шалгасан хэргийг байнгын хороогоор хэлэлцүүлэх гээд чадаагүй. Аргаа бараад хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Хариу нь хаана байна.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Нэг л зүйлийг хэлье. Хууль хяналтын байгууллагад хөндлөнгөөс нөлөөлдөг улс төр, албан тушаалтны нөлөөллийг үгүй хийхэд анхаарья. Өөрсдөө хуулийг сахидаг байх ёстой. Тэгж байж шударга зөв ажиллаж, ёсзүйтэй байж чадна.

 

 

М.Энх-Амгалан: ТОМООХОН ХЭРГҮҮДЭД БҮРТГЭЛ НЭЭЖ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН

 

Чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдээс шударга ёс нэхэж, баталсан хууль тогтоомжид нь  шүүмжлэлтэй хандсан байр суурь илэрхийлэв. Парламентаас шударга ёс шаардсан Ерөнхий прокурорын хэлсэн үгний онцлох эшлэлүүдийг хүргэе .

-Гишүүдтэй холбоотой шалгагдаж байгаа асуудал бий. Харин Б.Батзориг гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан учраас түдгэлзүүлэх саналыг оруулж ирж байна.

-Тогтолцоо үндэс суурийг нь өөрчлөх миний биш төрийн эрхийг барьж байгаа та бүгдийн асуудал. Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, АСЕМ зэрэг  та бүхний яриад байгаа томоохон хэргүүдэд бүртгэл нээгээд, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн.

-Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгаад шүүх рүү шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Дахин шүүхэд шилжүүлсэн.

 -Та бүгдийн баталсан хуулиас болоод барьж, шалгаж болохгүй байна.  Баталсан хууль чинь саад болоод байгаа учраас илүү нарийвчилж, практикаас гарч ирж байгаа саналыг тусгаад явах хэрэгтэй.

 -Шударга ёсыг энэ танхимаас эхлэх ёстой. Тэр шударга ёс чинь хаана байна.

 -Хууль ёсыг дээдлэх ёстой гэх үндсэн зарчимтай УИХ энэ хүмүүсээ яагаад шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр шүү.

 -Жирийн иргэн, Сангийн эрхлэгч нь  цагдан хоригдчихсон. Гэтэл УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Шийдвэр гаргасан хүн нь шүү дээ. Энэ хүний үүргийг биелүүлсэн хүмүүс нь тэнд цагдан хоригдчихсон байна. Энэ шударга ёс юм уу.

 -Би Эрүүгийн хэргийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн. Яллах нөхцөл байдал тогтоогдсон бол хэнийг ч яллах үүрэгтэй.

 -Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж яриад байна. Тэр дагуу явж байгаа хүн нь би биш. Тэгдэг ч хүн биш.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

 
 
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

энэ оюунчимэг одоо шал тэнэг амьтан юмаа юу гээд л хэрэгтэй хэрэггүй юм яриад байдаг юм бэ өөрийгөө тэнэг харагдуулаад байгааг мэддэггүй юм байхдаа ямар тэнэг нь юу ч хамаагүй бураад л байвал гоё харагдана гээд хэлчихдэг байнаа