Н.Алтанхуяг аргаа барж байна
Н.Алтанхуяг боож үхэх шахаж байна. Монгол төрийг тэргүүлж явсан экс Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Гансүх нарыг нь "Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэн саатуулж, "Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг албан тушаалаа урвуулан ашиглаж "Говь повер” ХХК-д 4.8 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр баривчилж, хүргэн Г.Дэнзэнг нь "Албан тушаалаа ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй” хэмээн хорьсны хариуд тэрбээр УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхээ ашиглаж, АТГ-ын эсрэг төлөвлөгөө боловсруулжээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барив. Хамгийн сонирхолтой нь мань эр энэхүү хуулийн төслөө Засгийн газраар хэлэлцүүлж дэмжлэг авсныхаа дараа УИХ-д өргөн барих ёстой. Гэтэл Засгийн газраас "Хуулийн төслийг дэмжих боломжгүй” гэж хариу өгчихөөд байхад процессын алдаа гаргаж, УИХ-ын даргад өргөн барьсан аж. Гэвч энэ хуулинд тун ноцтой заалтууд оржээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлд "Төрийн албан тушаалтан албан эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашиглах, хууль бусаар хөрөнгөжих, мөнгө угаах гэснийг тус тус хассугай” гэжээ. Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийн зөвхөн энэ хэсгээс харахад, тэрбээр ахлах зөвлөх Л.Гансүх тэргүүтэй бусад хүн, мөн хүргэн Г.Дэнзэнгээ ял шийтгэлээс хэлтрүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрээ барьж УИХ-д хууль бус тулгалт хийж эхлэв үү гэлтэй. Өөр нэг сонирхол татах заалт нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах тухай юм.