Япон Улсын ЗГ-ын буцалтгүй тусламжаар шинээр болон өргөтгөлөөр 4 сургууль барина
Япон Улсын "Жайка” олон улсын байгууллага 2017 оны нэгдүгээр сараас "Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы улсын Засгийн газар, "Жайка" олон улсын байгууллагатай Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүчин чадалтай сургууль, мөн Хан-Ууул дүүргийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн өргөтгөлийн барилгыг тус тус шинээр барих гэрээнд гарын үсэг зурсан юм.
Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгаас гадна Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд баригдах шинэ сургуулийн шавыг тавьж, суурийн ажил нь эхлээд байгаа бол Налайх дүүргийн 53 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлын бэлтгэлийг хангаж байгаа юм байна.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр өмнө нь хэрэгжсэн дөрвөн төслийн хүрээнд Улаанбаатар хотын 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг барьж, сургуулийн хүчин чадлыг 22 мянгаар нэмэгдүүлсэн гэдгийг онцлов. Мөн тэрээр "Нийслэлийн төрийн өмчийн 123276 хүүхдийн хүчин чадалтай 136 ерөнхий боловсролын сургуульд 220495 хүүхэд суралцаж, ачааллын дундаж коэффициент 1.8 хувьд хүрээд байгаа бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд 28 сургуулийн 204 бүлгийн 8743 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна. Нийслэл хотын сургуулийн хүртээмжийн асуудал туйлын хүндрэлтэй байгаа нь дээрх тоо баримтаас харагдаж байгаа бөгөөд бидний өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү төсөл нь сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр болно” гэлээ.
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр "Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн нэгдүгээр шат 1999–2002 онд, хоёрдугаар шат 2003–2007 онд, гуравдугаар шат нь 2004–2008 онд, дөрөвдүгээр шатны үйл ажиллагаа нь 2009–2013 онд хэрэгжиж дууссан. Дээрх дөрвөн үе шаттай төслийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг шинээр барьж, ашиглалтад оруулсан юм.
Эдгээр сургуулийн барилга нь дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу баригдах бөгөөд сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдана. Төслийн захиалагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн Боловсролын газар, төслийн зөвлөхөөр Япон улсын "Maцуда консултанг интернэшнл”, "Гоо ван” компани, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр "Ивата Чизаки-Дай ниппон” компанийн хамтарсан түншлэл, туслан гүйцэтгэгчээр "Мухиа” ХХК ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.