Хятад болон Папуа Шинэ Гвинейн харилцааг дэмжихийг зорьж байна
Папуа Шинэ Гвинейд хийж буй айлчлал нь хоёр улсын харилцааг дэмжихэд тусална гэж найдаж байгаагаа Хятадын дарга Си Жиньпин мэдэгджээ. Энэ айлчлал нь Хятадын даргын Папуа Шинэ Гвинейд хийж буй анхны айлчлал болохыг Си Жиньпин тус улсын амбан захирагч, генерал Боб Дадаэтай уулзах үеэрээ цохон тэмдэглэжээ.
"Хятад болон Папуа Шинэ Гвиней улс 1976 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын хамтын ажиллагаа янз бүрийн салбарт хурдацтай өргөжиж, хоёр талын харилцааг хөгжүүлэх бат бөх суурийг тавьж өгсөн юм. Манай улс Папуа Шинэ Гвинейтэй өрнүүлэх харилцаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд энэ айлчлал нь хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм болох, талуудын солилцоог өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх, өргөн хүрээг хамарсан салбарт өрнүүлэх хамтын ажиллагааг өгөөжтэй үр дүнд хүргэнэ гэж найдаж байна” хэмээн тэрбээр хэлжээ.
Боб Дадаэ Хятадын даргыг халуун дотноор хүлээн авч, Си Жиньпиний айлчлалыг ховор, томоохон үйл явдал гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг ард иргэдийн аж амьдрал, үндэсний хөгжилтэй холбоотой салбарт Папуа Шинэ Гвиней улсад үнэтэй дэмжлэг үзүүлж байгаад Хятадын талд талархал илэрхийлжээ.
"Манай улс нь хоёр улсын харилцааг өндөр дээд түвшинд хүргэхэд Хятад улстай хамтран хүчин чармайлт тавихад бэлэн байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.