М.Нандинцэцэг ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж буй боксын Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Нандинцэцэг дөнгөж сая Мароккогийн тамирчин Захраоюү Зохра /Zohra Ez Zahraqui/-г 5:0-ээр илүүрхэн хожиж ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр Унгарын Сабина Сючи, Хорватын Зелана Питеса нарыг дараалан ялж, шилдэг 8-д шалгараад байсан юм. Энэ сарын 15-ны өдөр эхэлсэн ДАШТ-д 73 орны 333 боксчин хүч сорьж хагас шигшээд өрсөлдөх боксчид өнөөдрөөс тодорч эхэллээ. М.Нандинцэцэг 11 дүгээр сарын 22-нд Болгарын С.Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдана. Энэ жил 30 настай М.Нандинцэцэг "Инчеон-2014” Азийн наадмын хүрэл медальтай манай шилдэг эмэгтэй боксчин билээ.