“ОПЕК”-ийн орнууд газрын тосны олборлолтыг бууруулах тухай хэлэлцэнэ
Австрийн нийслэл Вена хотноо болж буй "ОПЕК”-ийн гишүүн орнуудын уулзалтын үеэр газрын тосны үнийг тогтоон барих зорилгоор ирэх онд олборлолтын хэмжээг бууруулах талаар хэлэлцсэн байна.
Гэсэн хэдий ч пүрэв гарагт болсон уулзалтын үеэр төлөөлөгчид газрын тосны олборлолтыг бууруулах тохиромжтой арга замыг олох талаархи зөвшилцөлд хүрч чадаагүй бөгөөд баасан гарагт болох ОХУ ба "ОПЕК”-ийн гишүүн бус орнуудын уулзалтын үеэр энэ талаар дахин хэлэлцэх ажээ.
Иракийн Газрын тосны сайд Тамир Аббас Гадбан сэтгүүлчдэд мэдээлэхдээ, "ОПЕК”-ийн орнуудын төлөөлөгчид газрын тосны үйлдвэрлэлийг хэрхэн бууруулах талаар хэлэлцэж байгаа боловч үүнийг хэрэгжүүлэхийн тулд "ОПЕК”-ийн гишүүн бус холбоотнуудтайгаа яриа хэлэлцээ хийх шаардлагатай байна гэжээ.
АНУ Ираны газрын тосны импортод хориг тавьсантай холбоотойгоор "ОПЕК”-ийн гишүүн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлсэн билээ. Үүний улмаас газрын тосны нийлүүлэлтэд илүүдэл үүсч, өнгөрсөн 10 дугаар сард дээд цэгтээ хүрсэн газрын тосны үнэ 30 орчим хувиар унасан юм.
Сэтгэгдэл байхгүй байна.