Олигарх болох романтизмын золиос нь сонгогчид байх ёсгүй
Бид "Олигарх болох мөрөөдөл” тээсэн хүмүүст боломж олгожээ. Олигарх болох зам нь тун бартаатай болоод ирмэгц "шоуг орхиё” гэдэг шиг хаяад явах гэж байна. УИХ тэдний хувьд шоу байсан ч байж болох юм. Баг, хороо, сум, дүүргийн намын хороондоо ажиллаад гүйж явсан нэгнээс эхлээд урлаг, спортод амжилттай явсан олон хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж "азтай” нь ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Бизнест багагүй амжилт гаргасанууд нь УИХ-д "очоод суучихсан” байх нь бүр ч олон. Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд "дуртай” нэр дэвшигчид азаар олддог байсан УИХ-ын гишүүний суудал энэ удаад л "дургүйчүүдэд” бараг л "ял” мэт болоод байгаа бололтой. Ийм дургүй хүмүүст улс орныхоо хөгжлийн жолоог атгуулчхаад ухрах болов уу, урагшлах болов уу гэж суугаа бид туйлын өрөвдөлтэй хүмүүс болж таараад байна. Бүх юм эсрэгээр эргэж, "УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлчих вий” гэх айдас ч алга болж "Хаяад явчихна шүү, хуралд чинь суухгүй, ерөөсөө бүгдээрээ түдгэлзүүлээд орхиод явчихъя” гэхэд хүрчээ. Ийм хүмүүстэй удаан зууралдах хэрэг байна уу, сонгогчдоо. Танай тойргоос сонгогдсон этгээд юу амласан, өнөөдөр юу ярьж буйг сайн хар! Сонгогчдын боловсрол гэдэг "утопи” санагдаад байвал эхний ээлжинд энэ зэргийн харьцуулалтыг хийчихдэг байх нь таны үр хүүхдийн ирээдүйд хэрэгтэй байна.
Өнөөдөр жижиг гэхээргүй бизнесмен "Нэг мэдэхэд улстөрчид бизнес хийдэг хүмүүсээсээ үнэтэй байшинд амьдарч, тансаг машин унаж, бизнес ангиллаар нисдэг болчихож. Улс төрийн эрх мэдэл гэдэг бол бүх юмны эрх мэдэл болчихож” гэж дуу алдаж байна. Энэ бол ердөө л сонгогчид хүнээ таниагүй, сонгуулагчид итгэл даагаагүй буруу хүн байсных. Хэчнээн олон "Нянгарыг” бид "Мөрөөдөл биелдэг юм” гэж цээжээ дэлдтэл нь баярлуулж, хэнийг, юуг хохироож үлдэв.
Нөгөөтэйгүүр таны сонгосон гишүүний сайн муу, сайхан муухайг байнга сошиалд ямар нэг зүйл бичиж суудаг түүгээрээ мэргэшсэн, амьдрах аргаа болгосон хүмүүс дүгнээд байгааг анхаараарай.
УИХ-ын даргаа "барьцаалсан” Засгийн газар, УИХ-ын гишүүдийг зандардаг Ерөнхий сайд, МАН-ын дарга, хөл толгой нь олдохоо больсон, эрэмбэ тодорхойгүй эрх мэдлийн төлөөх дажин эдийн засагт хохирол учруулсаар. Юугаар хохироод байгаагийн наад захын жишээ нь Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өнгөрсөн сарын сүүлчээр Австралид илтгэл тавих үеэрээ "Монгол Улс болон Африк дахь бизнест эрсдэлтэй сорилтууд тулгарч байгаа" гэж мэдэгджээ. Тэрбээр "Хөрөнгө оруулалтад валютын зохицуулалттай холбоотой эрсдэл тулгарч байгаа" хэмээн хэлсэн байна. Бодвол гүйлгээгээ Монголын арилжааны банкаар дамжуулж оруул гэсэн шахалт тавиад байгааг хэлсэн байх. Тэр нөхрийн үгийг анхааралтай сонсч хөрөнгө оруулах эсэхээ шийддэггүй юм аа гэхэд манайд хэрэгжиж буй хамгийн том үнийн дүнтэй төсөл учраас гадны хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээгээр нөлөөтэй. Тэд Монголд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгааг зарлана гэдэг сайн зүйл биш. Дээр нь тус компанийн хувьцааны ханш буурсаар байгаа, гэтэл "Оюутолгой” ХК Ханбогдод 840 хүүхдийн цэцэрлэг сургуулийг 7.2 тэрбум төгрөгөөр барихаар ажиллаж буй.
ЖДҮ-ийн зээл гэгчийг "манай тойргийн гишүүн авч уу” гэж хэвлэл мэдээллээс хайж олбол нүүрээ улалзуулж олдохгүй бол бардамнах тийм л эгэл хүмүүс УИХ-ын гишүүдийг сонгосон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэгч УИХ-ын гишүүдэд ихэнхдээ гэм, заримдаа дэм болох. Хэзээ дуртай үедээ "дуудаж” хэвлэлийн бага хурал нэрийдлээр хүссэнээ ярьж нэгнээ ховлочхоод нэр хүндийг нь унагасандаа сэтгэл хангалуун гарч одоход түүнийг бичсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл Зөрчлийн хуулийн ялд унадаг.
Харин иргэд, сонгогчид "тэндээс” олж авсан мэдээллээр дахиад сонголт хийнэ, ахиад мэхлэгдэнэ. Ийм л "чөтгөрийн тойрогт” орчхоод байна. Хэрэв УИХ-ын эрхэм гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэж байж шалгуулбал тэр хооронд ажил хийхгүй, улс орны үйл амьдралтай холбоотой олон ажил гацаанд орно. Монгол Улсын нийгэм, эдийн засагт хулгайч эсвэл хулгайлж амжаагүй гишүүдийн хар түүх чухал уу. Эсвэл үлдсэн жил гаруйхны хугацаа үлдээд байгаа энэ УИХ ямар нэг хэмжээгээр амлалтаа биелүүлсэн, ажил хийсэн байх ёстой нь чухал уу.
Та бидний сонгосон парламентын гишүүд "өм цөм” цөөрч мэдэхээр нөхцөл байдал үүссэн. Ямар шалтгаанаар гэдгийг хэлэхээс ч эмгэнэлтэй. Тэд 2020 онд дахиад очиж магадгүй. Эсвэл "өнөө маргаашгүй” ч өнөөгийн нийгмийг, төрийг муулсаар очиж мэднэ. Наанадаж "ЖДҮ” зээл, цаанадаж бизнес дээрээ эрх мэдэл нэмээд олигархийн эгнээнд шилжих том мөрөөдөлтэй. Бизнесийнхэн яагаад ФОРБЕС-ийн жагсаалт руу тэмүүлэхээр ажиллах бус дарга болохыг хүсээд байна вэ. Энэ л Монголын улс төрийн гажуудал. Засах хүмүүс нь засал авахаасаа өнгөрөөд сонгогчид л энэ байдлаас аврах сүүлчийн найдвар боллоо. Дахин сануулахад "Олигарх болох романтизмын золиос нь сонгогчид байх ёсгүй”.
News.mn
Сэтгэгдэл байхгүй байна.