Ажлаа хийгээч ээ, гишүүд ээ
2016 оны эхний долоо хоногийн ажлын өдрүүд үргэлжилсээр байна. Гэтэл УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй байна. УИХ-ын ажлын хуваарийн дагуу бүлэг, байнгын хороод хуралдах ёстой байлаа. Гэвч дорвитой хуралдаж чадаагүй. Гол шалтгаан нь гишүүдийн ирц хүрэхгүй байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, гишүүд ажлаа хийхгүй байна. Өчигдөр гэхэд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд 4 гишүүн хууль хэлэлцэж, шийдвэрлэж байх жишээний. Хурал 10 гишүүний ирцтэйгээр эхэлсэн ч, санал хураалгахад дөрөвхөн хүн л байсан. Д.Сарангэрэл гишүүн нэлээд хэдэн хүний өмнөөс санал хураалгах кнопыг нь дарж харагдсан.
Нэгийнхээ өмнөөс нэг нь ажлыг нь хийж, саналыг нь шийддэг Их хурал гэж байх уу. Баяр дуусаж, ажил хэдийнэ эхэлсэн. Гэтэл гишүүд баярлаж дуусаагүй юу, аль эсвэл сонгуулийн ажилдаа бэлдээд завгүй явна уу. Ямартай ч Төрийн ордонд хийх ёстой ажлаа хийхгүй байна. УИХ-ын гишүүд ажлаа тасалсан тохиолдолд цалингаас нь хасдаг гэдэг хэдий ч үнэндээ гишүүдэд цалин тийм чухал биш нь тодорхой. Тэд хувьдаа бизнестэй хөрөнгөтэй учир улсаас авч буй цалингаа их юманд тоодоггүй биз.
Иймд УИХ-ын гишүүдийн цалинг хасах бус харин бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авбал ажил амьдралаа ялгах байх. Сонгогчид нь тэднийг ажил хийж, хууль эрх зүйн орчныг өөрчилж, олон нийтийн эрх ашгийн төлөө ажлаасай гэж явуулсан. Гэтэл ажиллаж байгаа нь ч мэдэгдэхгүй, аялж байгаа нь ч мэдэгдэхгүй гишүүдээр сонгогчид нь юу хийх вэ дээ. Наанадаж л улс орны чухал шийдвэрийг хэдхээн хүн суугаад ярилцаад, шийдээд яваад байж болохгүй биз дээ. Тиймээс амралтаа орхиод ажлаа хийгээч ээ, гишүүд ээ.
Сэтгэгдэл байхгүй байна.