Бүсгүй та олон дүрд хувир

1

 

БҮСГҮЙ ТА МӨРӨӨДӨГЧ БАЙ
Өглөө бүр сэрэхдээ, сар, жил бүрийг эхлэхэд мөрөөд, зорилго тавь. Биелэх ч байсан, биелэхгүй байж магадгүй ч гэсэн одоо байгаагаасаа илүү сайхан амьдрахын төлөө, өөрийнхөө хувьд амжилтын төлөө тэмүүл, түүндээ хүрэх гишгүүр бүрийг тооцоол, төлөвлө. Хэрэв та шувуу юм бол дүүлэн нисэх далавч тань, хэрэв та цэцэг юм бол дэлгэрэх дэлбээ тань мөрөөдөл чинь юм шүү. Сайхан бодол, сайхан мөрөөдлийг эцэст нь сайхан л зүйл дагадаг гэдэгт итгээрэй.
 
БҮСГҮЙ ТА ДАЙЧИН БАЙ
"Чадалтай эмэгтэй гэдэг үхэр тэргийг ганцаараа чирч явдаг эмэгтэйг биш, харин өвдөлт шаналалын нулимсаа инээмсэглэлээр сольж чаддаг эмэгтэйг хэлдэг” гэсэн үг бий. Тиймээс амьдралд тохиолдох аар саарханаас, асар хүнд хүртэлх бүхий л бэрхшээлийг өөрийн сэтгэлийн хат, тэнхээгээр даван туулж, энэ бүхнээсээ илүү ихийг ухаарч, суралцаж амьдраарай. Зорилго, тэмүүлэлтэй бол түүндээ хүрэх эрч хүч, урам зоригийг өөрөө өөртөө зориулан үйлдвэрлэж, зөвхөн урагшаа гүйгээрэй.
 
БҮСГҮЙ ТА ХӨДӨЛМӨРЧ БАЙ
Ингээд бид өмнөө зорилготой, өөртөө итгэлтэй, өөдрөг бодолтой байгаа бол одоо аз жаргалаа мэдрэх ёстой. "Өглөө ажил руугаа, орой гэр рүүгээ яардаг байх нь аз жаргал юмаа” гээд үг байдаг даа. Хамгийн их сонирхолтой, хийж чаддаг тэр л зүйл дээрээ тулгуурлан мэргэжил, ажилаа сонгон хөдөлмөрлөөрэй. Хүн хэдий чинээ ажиллана, төдий чинээ л амьдардаг. Юу үнэн бэ, гагцхүү энэ л үнэн юм. Ялих шалихгүй зүйлд түүртэлгүй, ажлын цагаа ажилдаа, дуртай зүйлдээ зориулж амьдралаа илүү утга учиртай болгоорой.
 
БҮСГҮЙ ТА ЯЛАГЧ БАЙ 
Боломжоор бороо орсон энэ цаг хугацаанаас хэн түрүүлж ойлгоно, ухаарна, бас хөдөлнө тэр нь хожино. Тэртээ тэргүй байгалиасаа, эрт урьдаасаа сэтгэлийн асар их хаттай, тэвчээр хатуужилтай төрсөн бүсгүй хүн бидний амьдралд, үгийн санд болохгүй, бүтэхгүй гэсэн үгс байж болохгүй. Нийгмийн бүхий л шатанд бид амьдрал, ар гэрийнхээ төлөө ямарч хэцүү зүйлийг чадахгүй нь гэж хойшоо тавьж, бууж өгч байсан тохиолдол байдаггүй ээ. Тиймээс хэнээс ч, юунаас ч бүү ай, хэнд ч бүү дээрэлхүүл, бас сөрөг зүйлстэй тэмцэлдэх ч хэрэггүй, зүгээр л орхи. Тэр бүхнийг та биш цаг хугацаа шийтгэдэг билээ.
 
БҮСГҮЙ ТА ХАЙРЫГ ТҮГЭЭГЧ БАЙ 
Өөрийгөө хайрла. Өөрийгөө хайрладаг бүсгүй таныг өрөөл бусад хайрлах болно гэдгийг хатуу санаарай. Өөрийгөө хүндэл. Өөрийгөө хүндэлдэг бүсгүй таныг өрөөл бусад хүндэлнэ гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Бүсгүй та өөрөө бий болгосон зүйлсээсээ аз жаргалыг хором бүр мэдэрч, үргэлж инээмсэглэн, энгэрээсээ асгардаг ариун цагаа сүү шигээ гэгээн яваарай. Хайртай бүхнийхээ төлөө хэзээд юугаа ч зориулахад бэлэн байдаг ижии та үр хүүхэд, гэр бүл, дотны хүмүүсээ хайр, халамжаараа тэтгэж, гэрэлтүүлж, гэгээрүүлж яваарай.
 
Бүсгүй та зоригтой гэгч нь олон дүрд хувир 
Эцэст нь энэ л дүрээрээ гэр бүл, эх орон, эргэх дэлхийгээ гийгүүлээрэй !
 
Лектор Үнэнбатын Оюунзул

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Чухам ийм бүсгүй гэдэг чинь UBS телевизийн мөрөөдлийн гүүр нэвтрүүлгийн редактор
МӨНХГЭРЭЛ байна лээ. Дайчин цоглог, энэрэнгүй сайхан сэтгэлтэй, ажил мэргэжилдээ сайн ,сайхан энергийг түгээсэн мундаг бүсгүй. Түүнд улам их амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.