ОНЫ ОНЦЛОХ СПОРТЫН ҮЙЛ ЯВДЛУУДЫГ НЭРЛЭЖ БАЙНА

0
Оны онцлох спортын үйл явдлуудыг нэрлэж байна
Өнгөрч буй 2018 онд монголчууд тив дэлхийд болон улсдаа гаргасан спортын амжилтаар арвин жил болж өнгөрч байна. Тухайлбал, Азийн наадмаас нийт 24 медаль атгаж, ардын их баяр наадмаараа улсын аваргатай болж, оюун ухааны спортоор Гиннесийн амжилт үзүүлсэн гээд онцлох үйл олон байна. Ингээд  дэлхийд нэрээ дуурсгаж, шинэ түүхийн хуудас нээж, амжилтын эзэн болсон тамирчдын яруу алдрыг магтан бичиж, тоймлон хүргэж байна. 
 
Азийн наадмаас авчирсан амжилтууд


Азийн спортын XVIII наадам Индонез улсын нийслэл Жакарта болон Палембан хотод болсон билээ.
Цар хүрээгээрээ Олимпийн наадмын дараа ордог энэхүү наадамд Ази тивийн 11 мянга гаруй тамирчин Индонез улсад хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Энэ удаагийн наадамд Хятад, Япон болон Өмнөд Солонгосын баг тамирчид медалийн тоогоор тэргүүллээ. Монгол Улсын баг тамирчдын хувьд 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медальтай 17 дугаар байрт шалгарав.

Азийн наадамд төрийн дууллаа эгшиглүүлэн Аваргалсан тамирчид

Э.Бэхбаяр - Чөлөөт бөх эрэгтэйчүүдийн 57кг

Г.Нандинзаяа - Буудлага эмэгтэйчүүдийн 50м урт бууны 3 төрлийн дасгал

Г.Наранцэцэг - Самбо эмэгтэйчүүдийн -48кг

Э.Цэндбаатар - Бокс эрэгтэйчүүдийн 60 кг
 
О.Балжинням Хөдөлмөрийн баатар болов 
 

Цагаан сарын баярын босгон дээр Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон медаль гавьяа гаргасан хүмүүст хүртээв.

Жүдо, Самбо бөхөөр дэлхий болон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, тив дэлхийд нэрээ дуурсгасан олон тамирчдыг төрүүлэн, Жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргасан онцгой амжилтыг өндрөөр үнэлж, Үндэсний бөхийн улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, Жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Одвогийн Балжиннямд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.

Үндэсний их баяр наадмын 23 дахь аварга Н.Батсуурь


Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын уугуул, Улсын арслан Намсрайжавын Батсуурь түрүүлж Монгол улсын 23 дахь аварга боллоо.

Эцэг болон эхийн талаасаа бөхийн удамтай Н.Батсуурь арслан улсын наадамд дөрвөнтээ шөвгөрсөн бөгөөд 2014 онд Төрийнхөө Их баяр наадамд түрүүлж байсан бөх билээ.

Байт харвааны талбайн нээлт боллоо
 


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын стандартад нийцсэн, "Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол болов. Байт харвааны зориулалтын энэ талбай нь "360 градус” төслийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд уг байгууламж шинэлэг сайхан санаачлагаар, олон мянган хүний бие сэтгэл, зүтгэлийн хүчээр босож байгаа юм. Өөрөөр хэлбэл байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив,  тусламжаар богино хугацаанд, төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр стандартын талбайтай болж байгаа нь энэ юм.

Монгол Улсад байт харвааны спортын төрөл анх 1960 оноос хөгжиж эхэлсэн.1971 онд Английн Йорк хотноо зохиогдсон Байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 30метрийн зайн төрөлд МУГТ Д.Дэмбэрэл алтан медаль хүртэж, Монгол Улсаас Олимпийн спортын төрлийн анхны Дэлхийн аварга цолыг хүртсэн.

Монгол Улсын түүхэнд анх удаа паралимпийн наадмаас алтан медалийг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав авчирсан билээ.

Э.Содномпилжээгийн гаргасан амжилтууд



"Рио 2016" паралимпоос хүрэл медаль авчирч ард түмнээ баярлуулж байсан МУГТ Э.Содномпилжээгийн хувьд энэ жил амжилт ололт дүүрэн жил болж өнгөрөв.

Тэрбээр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ. Тэрбээр 107 кг-ын жинд 220 кг-ыг түлхэж түрүүлсэн бол Киргызстаны З.Оросбаев 200 кг-аар мөнгө, эзэн орны тамирчин Абдалла Алнаби 185 кг-аар хүрэл медалийн эзэн болжээ.

Мөн Финланд улсын Ванта хот Пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ насанд хүрэгчдийн 105 кг-ын жинд Э.Содномпилжээ 237.5 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болов. Тэрбээр тус амжилтаараа дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд дараагийн захиалгаа 242.5 кг болгон даалгавараа амжилттай гүйцэтгэснээр дэлхийн рекордыг нэг дор хоёронтоо шинэчилсэн байна.

Япон улсын Китакюүшюү хот Парапауэрлифтингийн Азийн АШТ тэмцээнд Э.Содномпилжээ 107 кз-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртлээ.
 
Г.Угалзцэцэгийн амжилт



Бодибилдинг фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнээс Ази тивийн дөрвөн удаагийн аварга болсон анхны Монгол бүсгүй Г.Угалзцэцэг тодорлоо.

Энэтхэг улсад Пурнад зохиогдож буй энэхүү тэмцээнд эх орноо төлөөлж Дэлхийн 3, Азийн 2 удаагийн аварга ОУХМ Г.Угалзцэцэг оролцож байгаа бөгөөд тэрбээр хос Алтан мeдалийн эзэн болж төрийн дууллаа эгшиглүүллээ.

Мөн Тайланд улс Чингмай хот энэ сарын 14-16-н Бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас оролцсон тамирчдаас Г.Угалзцэцэг 165 см өндөртэй классик +30 насны ангилалд дараалан түрүүлж хос алтан медаль хүртэж Монгол төрийн дууллаа дахин эгшиглүүлэв.

Тэр дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байгаа нь энэ бөгөөд хамгийн олон удаа ДАШТ-д түрүүлсэн Монголдоо анхны тамирчин гэгдэх болов. Г.Угалзцэцэг өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн дөрвөн удаа түрүүлсэн юм. Тэрбээр эх орондоо газардсан даруйдаа Алунгоо наадмын шилдгээр тодров. Энэ жилийн онцлох хүн болсон түүнийг МУГТ цолонд нэрийг нь дэвшүүлжээ.
 
Чөлөөтийн бөхчүүдийн гаргасан амжилт, гавьяа
 
 
Унгарын нийслэл "Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга, "Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, "Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор нар чөлөөт бөхийн түүхэнд шинэ хуудас нээв.
 
Жүдо бөхийн түүхэнд Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр амжилт авчрав 
 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах "Баку-2018” тэмцээн /ДАШТ/ Азербайжаны нийслэл хотноо энэ сарын 20-26-нд болж шилдгүүдээ тодрууллаа.

Монголын баг тамирчдаас эмэгтэй жүдочдоос 57 кг-д Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн -100 кг-д Л.Отгонбаатар, + 100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар ДАШТ-ий хүрэл медальтан болж эх орон элгэн саднаа баярлуулав.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр нар шагналт Ү байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн шагналт ҮII байрт шалгарсан байна.
 
Оюун ухааны гайхамшигийг үзүүлсэн охин 
 

 
Ой тогтоолтын ДАШТ-ий хоёр дахь өдөр Монголын Оюун Ухааны Академи, Ажнай Корпорацийн тамирчин, ОУ-ын Их Мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам "Хоёртын тоолол" төрөлд 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр боллоо.
 
М.Нандинцэцэгийн хөлс хүчээр олдсон хүрэл медаль
 


Сонирхогчдын Боксын Эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэг улсын нийслэл Дели хотноо амжилттай үргэлжлэн өндөрлөсөн билээ. 73 улсын 333 боксчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн ДАШТ ОУХМ М.Нандинцэцэг хүрэл медаль хүртэн бахдам амжилт гаргасан юм. Тэрбээр эхний хоёр өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө текникийн илт давуугаар ялан хүрэл медалийн төлөө шалгаран үлдсэн.
 
Харумафүжи Д.Бямбадорж,  Асасэкирюү Б.Дашням нар зодог тайлав



Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол Япон улсын нийслэл Токио хотноо болов.

Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн байдаг. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорч байсан билээ.



Мөн Мэргэжлийн сүмогийн ертөнцөд анхлан хөл тавигсдын нэг Асасэкирюү Б.Дашнямын зодог тайлав. Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд зодоглосон 20 жилийн замналаа төгсгөж буй Асасэкирү цаашид сүмогийн дэвжээний эзэн буюу ояката болов.
 
Б.Гангаамаа К2 оргилд гарсан анхны Монгол Уулчин боллоо


Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ уулын оргилд гарсан анхны монгол хүн болж амжилтаа ахиулав.

К2 уулын оргилд хүрэх Монголын шилдэг уулчдын гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болсон билээ.
Монголын уулчдын үндэсний холбооноос энэ жил шилдэг тамирчнаар шалгаруулж "Мөсний алтан алх" шагналыг гардуулжээ.
 
П.Орхоны допингийн асуудал шуугиан тарив



Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон Азийн наадамд түрүүлж аварга болсон ч асуудал дагуулав. Түүний А, Б сорьцоос станозолол хэмээх маш хүчтэй бодис илэрч Азийн наадамд түрүүлсэн алтан медалийг хүчингүйд тооцож барилдах эрхийг нь хассан яах аргагүй онц онцлох үйл явдал байв. Нэг хэсэгтээ шуугиж байсан энэ асуудал нийтдээ намжив. Үнэхээр сэргээш хэрэглэсэн байсан уу, эсвэл хэн нэгэн хорлосон уу гэдгийг цаг хугацаа харуулна хэмээн дасгалжуулагч багш нар нь үгүйсгэсэн байгаа юм. Түүний дэмжигч фэнүүд нь спортын замналд цэг тавих вий дээ гэж санаа зовниж байна. Ямартаа ч тэмцээн уралдаанд оролцохгүй байгаа тэрбээр бэлтгэлээ хийж байгаа гэдгийг дасгалжуулагч багш нь ярьжээ.
 
Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан дагина цом монголд ирэв



Монгол Улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий алдартай "Алтан дагина" цом Монголд ирлээ. Алтан цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд танилцуулсан юм.

"Алтан дагина" цом нь 6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын таван кг алт оржээ. Хөлбөмбөгийн спортын оргил болсон уг нэр хүндтэй цомд  ДАШТ-д түрүүлсэн хөлбөмбөгчин, эсвэл тухайн улсын Ерөнхийлөгч л гар хүрэх эрхтэй байдаг ажээ.

О.Гэрэл
Оллоо.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.