“Мобиком”-ынхон далайхад хэрэглэгчид далдирна

0

“Мобиком”-ынхон далайхад хэрэглэгчид далдирна

Зах зээлд монополь байна гэдэг бусдыг өмнөө бөхөлзүүлж, өөрийн дураар аашилна гэсэн үг биш. Харамсалтай нь манай монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд давамгай байдлаа давуу эрх болгон далайлгаж хэрэглэгчид, үйлчлүүлэгчдээ өмнөө сөхрүүлж байх дуртай. Тийм хандлагын нэг жишээ нь үүрэн телефоныхон, тэр дундаа "Мобиком” компанийнхны үйл ажиллагаа юм.

Хамгийн сүүлд л гэхэд "Мобиком”-ынхон дараа төлбөрт үйлчилгээний арваад багцаа нэгтгэн ердөө хоёрхон төрлийн багц болгохоор болоод байгаагаа зарлажээ. Өмнө нь Signature, MobiZone, iPhone, MobiMix болон байгууллагад зориулсан Corporate Basic, Corporate Middle, Hybrid 1, Hybrid 2, Hybrid 3 багцуудыг сонгож хэрэглэдэг байсан үйлчлүүлэгчид одоо Миний Моби болон Хосолсон төлбөрт Hybrid гэсэн хоёр багцад л баглагдах болж байна.

Сонголт хэдий чинээ өргөн байна хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хувьд ашигтай. Гэтэл хэрэглэгчдийнхээ сонголтыг танаж, хоёрхон багц үйлчилгээг хүчээр тулгаж байгаа нь шулуухан хэлэхэд луйвар, булхай юм. Үүрэн телефон хэрэглэгчдийн хувьд сарын хэрэглээ янз бүр байдаг. Сард 10-20 мянган төгрөгөөр ярих хүн байхад 40-50 мянга, бүр 100-200 мянган төгрөгийн яриа хийдэг хэрэглэгч ч бий. Тиймээс хэрэглээний багцуудыг олон шатлал, ангилалтай, харилцан адилгүй нөхцөл, төлбөрийн босготойгоор санал болгосон байдаг. Энэ нь зах зээлийн хууль. Харин үүний эсрэгээр "Мобиком”-ынхон энэ нөхцөлүүдээ цуцалж хоёрхон л ангилал болгох нь.

Ингэснээр хэрэглэгчид л хохирно. Ийнхүү сонголтгүй үйлчилгээ тулган шаардах нь хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон үйлдэл юм. Энэ үйлдэл нь "Мобиком”-ынхны хувьд гэм биш зан, гэнэт биш хууч болсон. Үе үе хэрэглэгчдийнхээ хэтэвч руу лавхан гараа дүрдэг нь тус компанийн хувьд эхнийх ч биш. Өмнө нь ШӨХТГ-аас удаа  дараа шалгалт явуулж, хэрэглэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах арга хэмжээ авч байсан байдаг.

Тухайлбал, дөрвөн жилийн өмнө ШӨХТГ-аас "Мобиком”-ын дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргаж байв. Тус компани үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг аж. Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг гаргахдаа хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдож байв.

Мөн хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдал үүсдгийг ч ШӨХТГ тогтоож байсан юм. Тухайлбал хэрэглээ нь 300 мянган төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мессежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан тохиолдол ч бүртгэгдэж байв.

Түүнчлэн гурван сарын турш нэгж худалдаж аваагүй бол тухайн хэрэглэгчийн дугаарыг шууд устгадаг дээрэнгүй үйлчилгээ ч "Мобиком”-д бий. Гэнэт сүлжээ орохгүй болохоор нь сим картаа эвдэрч гэж бодон үйлчилгээ авахаар очоод дугаарыг нь устгасныг сонссон хэрэглэгч "Мобиком”-ыг сонгосондоо л гутрахаас өөрөөр яах билээ.

Энэ мэтээр "Мобиком”-ын үйлчилгээ хэл ам, хэрүүл зарга, гомдол чирэгдэл дагуулдаг ч хэрэглэгчдийн эрх ашиг хөсөр хаягдсан хэвээр. "Мобиком” давуу эрхээрээ далайлгаж, хэрэглэгчид далдирсаар байх уу.

 
Эх сурвалж: EAGLE.MN


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler

Сэтгэгдэл байхгүй байна.