ЭХЭМҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаатай холбогдуулан удирдах ажилтнууд сайн үйлсийн аяныг санаачлан, ЭХЭМҮТ-д шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.
Сайн үйлсийн аяныг зохион байгуулсан удирдах ажилтнуудыг төлөөлөн ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал нийт 6 төрлийн 10 орчим тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-ийн дэд захирал Ц.Алтантуяад хүлээлгэн өглөө.
ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал:
Цагдаагийн байгууллагаас хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд олон талт арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Тэгвэл Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын санал санаачилгаар өнөөдөр ЭХЭМҮТ-д хэрэгцээтэй байгаа зургаан төрлийн 10 орчим эмнэлгийн тоног төхөөрөмжийг гардуулан өгч байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэж байдаг эмч, эмнэлгийн ажилчидад ажлын амжилт хүсье. Эдгээр тоног төхөөрөмжүүд бяцхан үрсэд бага ч болтугай тус хүргэнэ гэж найдаж байна. Сайн үйлсийн аянд гар бие оролцсон нийт удирдах ажилтнууддаа ажлын амжилт хүсье.
ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн:
Цагдаагийн байгууллагын хувьд нийгмийн онцгой салбар учраас бид нийгэмрүүгээ чиглэсэн олон ажлыг зохион байгуулдаг. Эдгээр ажлын нэг нь энэхүү сайн үйлсийн аян юм. Энэхүү сайн үйлсийн аянаар нийт 7 сая 500 мянган төгрөг цугларсан бөгөөд бид бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ЭХЭМҮТ-д шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаа юм. Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдэд эрүүл орчинд амьдрахад өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа манай цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн баяртай байна. Бид цаашид энэ төрлийн аяныг зохион байгуулах болно.
ЭХЭМҮТ-ийн дэд захирал Ц.Алтантуяа:
Цагдаа дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд санаачилга гаргаж хүүхдэд нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжүүдийг хандивласанд талархаж байна. Өнөөдөр бид зургаан төрлийн 10 орчим төхөөрөмжийг хүлээн авлаа. Эдгээр аппаратуудын хувьд нярай өвчтөнүүдэд зориулагдсан тоног төхөөрөмжүүд. Тиймээс бид эдгээр тоног төхөөрөмжүүдийг Нярайн эмгэг судлалын төвдөө өгч, эмчилгээндээ ашиглах болно. Энэ тасагт 0-28 хоногтой хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг, жилдээ 2500 орчим хүүхэд эмчлүүлдэг бөгөөд эдгээр хүүхдүүдийн 45 орчим хувийг дутуу нярай хүүхдүүд эзэлдэг. Энэ хүүхдүүдийн өдөр тутмын тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй хүчилтөрөгчийн концентратор, судас тодотгогч, утлагын аппарат, дуслын автомат шахуурга, фото аппарат гэх мэт тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа. Төрийн байгууллагуудаас анх удаа удирдах ажилтнууд нь өөрсдөө санаачлан, мянга мянган хүүхдүүдийн эрүүл энхийн төлөө сайн үйлсийн аян зохион байгуулсанд маш их баярлалаа.
Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан бусад төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудаа уриалж, жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.
Сэтгэгдэл байхгүй байна.