С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №5: Ц.Амгаланбаатар: Захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч Ганхуяг
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод байсан Ц.Амгаланбаатар 2017 оны 04-р сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргасан гомдолдоо энэ хэргийн захиалагчийг дэлгэсэн байна. Тодруулбал,
Миний бие хэргийн захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч Ганхуяг нарыг буруугүй гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Бат-Үүлийн малгай хохирогч С.Зоригийн гэрээс олдож гэм буруутай нь нотлогддог. Мөн Э.Бат-Үүлийг С.Зоригийг алагдсан орой С.Зоригийн байрнаас гараад малгайгүй гүйж явсныг харсан хүн гэрчилж мэдүүлэг өгсөн. Бас С.Зоригийг алагдсанаас хэд хоногийн өмнө Э.Бат-Үүл н.Ганхуяг, Содномдаржаа, Паар бид нарыг С.Зоригийн байрны үзүүрт С.Зоригтой Э.Бат-Үүл муудалцаж байсныг харсан УИХ-ын гишүүд болон цагдаа нар мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хэргийн захиалагч Э.Бат-Үүлд хуулийн дагуу ялыг оногдуулж өгнө үү. Өнөөдөр ч юм уу, жилийн дараа би өвчний оношоор хорлогдож үхэх маш хэцүү байдалд байна. 18 жил илрээгүй хэргийг би өөрийн биеэр илчилсэн байдлыг харгалзан цаашдын аюулгүй байдлыг хамгаалж өгнө үү. Мөн захиалагч Э.Бат-Үүл, Б.Булган, н.Ганхуяг нарыг ард түмнийхээ өмнө үнэн зөвөөр яллагдана гэдэгт итгэж байна. С.Зоригийн хэргийн захиалагч нар ялгүй өнгөрч болохгүй.
Б.Булган бол С.Зоригийн хэргийг 18 жил нуун далдалж худал мэдүүлэг өгч цагдаа болон тагнуулын байгууллагыг 18 жил хуурсан боловч намайг С.Зоригийн хэргийг илчилснээс хойш үнэнд гүйцэгдэж шоконд орсон. Б.Булгантай нүүрэлдэж ярилцахад миний нүүр лүү харж чадахгүй доошоо тонгойчхоод юу ч ярьж чадахгүй хэлгүй балай царайлаад нүүрээ дараад суугаад байсан. Би байцаагчаас дахин гуйж нүүрэлдсэн болов бас юу ч ярихгүй, ярьсан юм нь бурхны талаар бод, чи бол зэвсэг гэж хэлсэн. Энэ нь чи бол үхнэ гэсэн утгатай болов уу гэж бодсон.
Мөнгө чинь хаана байна гэж асуусан гэсэн. Б.Булганы үгээр хулгайч нар гэрт нь дээрэм хийсэн болгох санаа болов уу. С.Зоригийг Э.Бат-Үүл захиалж сайдын суудлаас болж алуулсан болохоос орон байрны хулгайч нар С.Зоригийн гэрийг дээрэмдэж, хоол идэж уугаад С.Зоригийг хүлээнэ гэж байхгүй. Б.Булган орон байрны хулгай руу хэргийг чиглүүлж Э.Бат-Үүлийг хаацайлдаг. Б.Булган мэдүүлгээрээ өөрийн гэм буруутайг хангалттай нотолж байхад хэргийг хэрэгсэхгүй болго ял оногдуулаагүй. Эрх мэдэл, танил талтай хүмүүс С.Зоригийн хэрэгт холбогдолгүй болж хэргийг илчилсэн ядуу ард Ц.Амгаланбаатар миний бие ганцаараа үхэх /хорлогдож үхэх/ гэж байгаад гомдолтой байна. Өвчнөөр үхлээ гээд л намайг ална.
Захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч Ганхуяг гэмгүй өнгөрнө. Э.Бат-Үүлийг заасан гэрч нарыг хамгаалалтад авч, захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч Ганхуяг нарыг хуулийн дагуу шударгаар яллаж өгнө үү. Содномдаржаа, Чимгээ нарыг гэр нар зааж, явсан байсан газрыг нь хэлдэг. Энэ хоёрын хувьд ах, дүү олонтой, хөөцөлдөх хүмүүс ихтэй болохоор хорлогдож үхэхгүй. Харин намайг үхнэ гэж өмгөөлөгч Дашдорж хэлсэн учир аюулгүй байдлыг хамгаалж өгнө үү.
Ц.Амгаланбаатар би өвчнөөр гэсэн оноштой хорлогдож үхсэн ч С.Зоригийг сайдын суудлаас болж Э.Бат-Үүл алуулж, Б.Булган нуун далдалсан гэдгийг хэлмээр байна. Би муу хүн гэхдээ эх орондоо хайртай. Өнөөдөр би цор ганцаараа ч алтан соёмбот төр минь намайг хамгаална гэдэгт итгэж байна гэж УШД-д хандсан гомдолдоо мэдүүлжээ
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл байхгүй байна.