ЖДҮХС-аас гурван удаа зээл авч сонгуулийн шархаа нөхсөн Л.Энхболд одоо үнэнд гүйцэгдэж байна
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдан мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүн Л.Энхболд шалгалтын эхний үед "Би зээл аваагүй” хэмээн тас гүрийж байлаа. Гэвч сүүлийн үед мань эр үнэнд гүйцэгдэж байна. Тэрбээр анх 2016 оны 12 дугаар сард өөрийн төрсөн охин Э.Мандухайнхаа нэр дээр бүртгэлтэй "Мийт Экспорт Интернэшнл” компаниар дамжуулан 1 тэрбум 300 сая төгрөгийн зээл авсан байлаа. Тэгээд гурав дөрөвхөн сарын дараа охиныхоо тэрхүү зээл авсан "Мийт Экспорт Интернэшнл” компанийн ихэнх хувьцааг өөрийн туслахаар ажиллаж байсан Э.Чагнаасүрэн гэгчид шилжүүлжээ. Ингэж компаниа яаран бусдад шилжүүлэх болсон нь түүний гэр бүлийнхэн ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан хэргээсээ займчиж бултах санаатай байсан юм байна.
Тэгвэл бас Э.Чагнаасүрэнгийнх нь эзэмшилд байдаг "Хас Говь Транс” компанийн нэр дээр 2018 оны ЖДҮХС-аас 6 дугаар сард 950 сая төгрөг шилжиж орсон байх юм. Мөн энэ үеэр Э.Чагнаасүрэнгийн хамаатнуудын "Жаргалант Харвес” компанийн нэрээр ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Эдгээр гурван удаагийн зээл болгоных нь цаана УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрөө сууж байсныг одоо мэдэхгүй хүн байтугай шиншилж үнэрлээгүй гудамжны ноход ч бараг үгүй болоод байна. Ийм увайгүй хэргээ Л.Энхболд урьд нь зад эсэргүүцэн "Би хэн нэгэн хүний хувийн компанид зээл олгоход нөлөөлөөгүй. Харин ЖДҮХС-аас зээл авахаар зохих санал хүсэлтээ ирүүлсэн хүмүүст албан бичиг хийж өгдөг байсан” гэх ухааны юм яриад өөртөө ер хир халдаахгүй байв. Гэлээ ч гэсэн цаг хугацааны шалгуураар өдгөө Л.Энхболдын тэр бүх хуйвалдаан, хууль бус зээлийн хэргүүд нь зөвхөн түүний төрсөн охин болон туслахаар ажиллаж байсан Э.Чагнаасүрэнгийн компаниудтай холбоотой гэдэг нь ил болсон тул Авлигатай тэмцэх газрынхан түүнийг эрүүгийн хэргийн яллагдагчаар татан шалгаад одоо бараг дуусч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Л.Энхболд нь эгэл жирийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөө ЖДҮХС-гийн удирдлага руу зээл хүссэн албан бичиг илгээж байгаагүй, харин зөвхөн өөрийнхөө төлөө хамгийн бага хүүтэй зээлийг тийнхүү албан тушаалаа ашиглан авч байжээ.
Улсын ерөнхий прокророос Л.Энхболд нарын зэрэг УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтайгаар УИХ-д өргөн мэдүүлсэн боловч харамсалтай нь Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтнүүд нь байнгын хороодын хурлыг хаалттайгаар явуулахдаа "Манай гишүүд уван цуван хэрэгтэн болоод явж болохгүй” хэмээн хамгаалж хаацайлсаар авч үлдсэн билээ. Л.Энхболдын хувьд уг нь УИХ-ын хатавчинд нуугдаж тийнхүү үлдэх ёсгүй байсан юм. Тэрбээр дээрх бүх зээлээ 2016 оны УИХ-ын сонгуульд Өмнөговь аймгаасаа сонгогдохдоо цацсан асар их зардлынхаа шархыг нөхөхөд зориулсан гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Энэ нь үнэний ортой л байж таарна даа. Одоо тэр арга буюу үнэнд гүйцэгдэж байна.
О.Баяр
Шуурхай.мн