Саудын Араб тэргүүтэй эвсэлд үзүүлэх дэмжлэгийг зогсоох хуулийн төсөлд хориг тавьжээ
Саудын Араб тэргүүтэй эвсэлд үзүүлэх дэмжлэгийг зогсоох тухай АНУ-ын Конгрессын танхимын гишүүдийн баталсан хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хориг тавьсан байна.
Д.Трамп энэхүү баримт бичгийг улс төрийн эрх мэдлийг нь сулруулахыг оролдсон "хэрэгцээгүй”, "аюултай” алхам хэмээн тодорхойлжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн албыг 2017 онд хашиж эхэлснээсээ хойш ерөнхийлөгчийн хоригийг хоёр дахь удаагаа ашиглаж буй нь энэ юм.
Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулсын газарт сэтгүүлч Жамаль Хашогги амиа алдсаны дараа Конгрессын танхимын гишүүд Йемений талаарх Д.Трампын бодлогыг ихээхэн эсэргүүцэх болсон байна.
Ираны дэмжлэгтэй хусит босогчид 2015 онд Йемений нийслэл Сана хотод хяналтаа тогтоосны улмаас тус улсад иргэний дайн дэгдэж эхэлсэн байна. Харин Саудын Араб тэргүүтэй эвсэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений Засгийн газрыг дэмжих зорилгоор босогчдын эсрэг агаарын цохилт өгч эхэлжээ. Уг ажиллагаа эхэлсэн үеэс хойш олон мянган хүн амь үрэгдэж, олон сая иргэн орон гэргүй болсон юм.
АНУ Саудын Араб тэргүүтэй эвслийг олон тэрбум ам.долларын үнэ бүхий зэр зэвсэг, мэдээ мэдээллээр хангасан байна. НҮБ-ын мэдээлснээр, Йеменд наад зах нь 7000 орчим энгийн иргэн амь үрэгдсэний 65 хувь нь Саудын Араб тэргүүтэй эвслийн агаарын цохилтод өртөн амиа алдсан аж.
Ж.Хашоггийн амийг хөнөөх тушаалыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман өгсөн хэмээн АНУ-ын сенатууд түүнийг буруутгадаг бол Саудын Арабын прокурорууд үүнийг үгүйсгэсээр ирсэн юм.
Өнгөрсөн гуравдугаар сард Д.Трампын зарласан онц байдлыг Конгрессын танхимын гишүүд хүчингүй болгох тогтоол баталсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч анхны хоригоо тавьсан билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.