"Буруугүй буруутан"-ууд
Монголын өнөөгийн нийгэмд нэг хүнд нийт буруу, нийгэм тогтолцооны гажуудлыг тохох хандлага асар хүчтэй боллоо. Үүний төлөө ихээхэн хөрөнгө мөнгө, хүн хүч зарж байгаа нь ч анзаарагдана. Гэвч нэг хүнийг буруутан болгох их ажиллагааныхаа хүрээнд хүмүүсийн нэр хүндийг хэзээ ч дахин сэргэхээргүй болтол харлуулж, нэгэн цаг үеийг тэр чигт нь харлуулж байгаагаа сэхээрэхгүй байгаа бололтой. Магад үүнийгээ хамгийн сайн мэдэж байж ч болно л доо.
Ямартаа ч дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгойн гэрээг муу гэрээ болсон гэж үзээд буруутнаар нь С.Баярцогтыг нэрлэсэн. Харин Дубайн гэрээний буруутанг Ч.Сайханбилэг гэсэн бол хэдхэн сарын өмнөхийг хүртэл Монгол улсад хамгийн муу хүн М.Энхболд байлаа. Энхболд л муу муухай бүхний эхлэл, хөгжүүлэгч, хонгилын түлхүүр эзэмшигч хэмээн өглөө оройгүй сошиал ертөнцөөр балбаж байж "шударга” нөхдүүд түүнийг албан тушаалаас нь авч хаясан. Ингээд голлон тэмцэж байсан нөхөд өөрсдөө албан тушаал дээр очиж, хөрөнгө орлого нь өмнөхөөсөө 2-10 дахин нэмэгдсэнээр өнөөх "муу хүн” нь сайн хүн болж орхино лээ.
Тэгвэл ойрын өдрүүдэд өнөөх "шударга”-ууд дахин нэг "муу хүн” олсон бололтой. Тэр нь Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болж таарав. Эбэ гэж нөхрөөс л хамаг муу муухай үүсэлтэй гэсэн өнөөх л танил арга барил харагдаж байгаа ч иргэдийн олонх мэдээ мэдээллийг ангилж ялгадаггүй хэвээрээ л байна. Нэг үгээр бол нэг ч удаа өөрийн санаагаар ажил хайж үзээгүй, ажлын ярилцлагад орж үзээгүй эхнэр, нөхөр хоёр ажилгүй байгаагаа Эбэгийн буруу, ажилгүй ядаж байхад эхнэр нь жирэмсэлсэн нь ч түүний буруу гэх нь л холгүй байна. Дээр нэр дурдагдсан "буруутан”-ууд буруутгагдаж байгаа зүйлдээ буруутай байж болно л доо. Буруутай ч байх. Гэсэн хэдий ч монгол төрийн ажлыг ганц нэгхэн хүн хийдэггүй, хамтын шийдвэр байдаг гэдгийг яагаад хэн ч өнөөдөр ярихгүй байна вэ гэдэг л эргэлзээ төрүүлээд байдаг юм. Элбэгдорж гэдэг хүн амьдралынхаа туршид олон буруу, олон муухай зүйл хийсэн л биз. Хэний ч амьдрал сайн, муутайгаа нийлж саваа дүүргэдэг жамтай. Харин бидний амьдран буй өнөөгийн нийгэм бол шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч буруутгаж болдоггүй АРДЧИЛСАН нийгэм. Бид өнөөдөр хэн дуртайгаа шүүмжилж байна. Энэ эрх чөлөөг 30 жилийн өмнө бидний ах дүү, хамаатан садан, аав ээж бүгдээрээ нийлж байж цогцлоосон юм. Тэрнээс биш Элбэгдорж, Энхболд, Баттулга гэсэн хэдхэн хүн тэмцээд энх сайхан нийгэм болгочихоогүй. Тэднийг буруу зүйл хийсэн дариуд нь хууль шүүхэд хандаад, тэмцээд, албан тушаалаас нь буулгаад явах эрх, эрх чөлөө бидэнд байсан, одоо ч байна. Даанч ирээдүйн амьдралынхаа сонголтоо шуудай гурил, таван төгрөгөөр зарж үрснээс л өнөөдрийн ийм байдал бий болчихоод байна шүү дээ. Тиймээс хамгийн их буруутан нь сонгогчид бид өөрсдөө.
Эцэст нь хэлэхэд бид бусдын хэлсэнд сохроор итгэж, аливаа мэдээлэлд дүгнэлт өгөхгүйгээр хүлээж авсаар байвал "БУРУУГҮЙ БУРУУТАН” улам олширч, цаана нь жинхэнэ муу нөхдүүд нь үлдсээр байх болно. Тиймээс л өнөөдөр бид төмөр зам тавихаар танктай хятадууд ороод ирнэ гэсэн үгэнд итгэн, хятадууд бидэнд л зориулаад хортой хүнс үйлдвэрлээд байгаа мэтээр ярьж, ойлгож болохгүй. Дэлхий нийт 21-р зууны хориод оныг туулаад улс төр нийгмийн хувьд илүү хүчирхэг, ард иргэд нь сэтгэлгээ, оюуны хувьд хэнээс ч хараат бус болсоор байхад бид л гэж хөмөрсөн тогоон дотроо хэн нэгний хашгирсан цуурайг даган хашгичиж боломгүй байна. Тиймээс л "Чи хэдэн настай вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд 19-тэй гэж хариулсан хүү "Энэ муусайнууд сүүлийн 30 жилд юу хийсэн юм. Би л лав мэдэхгүй байна” гэж хариулсан инээдтэй, эмгэнэлтэй бодит онигоог дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.
Т.Дархан
АРДЧИЛАЛ.МН