Монголчуудын оюун санааны хоосрол буюу мухар сүсгийн боолчлол
Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа "Домгийн сэтгэлгээний, шашны сургаалийн, шинжлэх ухаан”-ы ноёрхлын гэсэн 3 томоохон үеийг дамжин тэдгээрийн дагуу байгаль, дэлхий, юмс үзэгдлийг тайлбарласаар өнөөг хүрчээ. Домгийн сэтгэлгээний үеийг дурьдвал энэ нь эртний хүмүүсийн төсөөлөл таамгаас үүдсэн зүйл бөгөөд тухайн эд юмс, байгалийн элдэв үзэгдлийн учир шалтгааныг хүншүүлэн тайлбарлаж, үер, аянга, өвчин тахал гэх мэт байгалийн болоод нийгмийн, бурхан чөтгөр зэрэг эсрэгцсэн дүрүүдээр төлөөлүүлсэн өнө эртний ухагдахуун ажээ.
Шашны сургаалийн үе нь тодорхой үзэл сургааль номлолын дагуу аливаа муу муухайг зөрүүлэн засах дом засал, тарни, тахилгын зан үйл, бүхий цогц зүйл бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүсэн бий болж хөгжөөгүй байхад бүхий л зүйлийг шашны үүднээс авч үзэж тайлбарладаг байжээ.
Шинжлэх ухааны үе нь өнөөгийн та бидний амьдарч байгаа энэ цаг үе бөгөөд юмс үзэгдлийг тодорхой судалгаа баримт нотолгоотойгоор баталж нотолдог орчин үеийн ухагдахуун юм. Өнөөдөр яг энэ цаг мөчид хүн төрөлхтөн дээр өгүүлсэн үе шатуудыг туулан өнгөрөөж орчин үеийн шинжлэх ухаанжсан нийгэмд амьдарч байна. Гэвч харамсалтай нь өнөөгийн шинжлэх ухаан хөгжсөн 21-р зууны шинэ нийгэмд монголчууд бид хөгжил дэвшил өөд тэмүүлэлгүй, харин аль эртний балар харанхуй үеийн мухар сүсэг рүү тэмүүлж, түүнд гүн бат торлогдсон байгаа нь чин үнэн болоод байгаа билээ. Мухар сүсэг гэдэг ухагдахууныг аливаа зүйлийн учир шалтгааныг ойлгож мэдэлгүйгээр бүх юмыг сохроор даган дуурайх явдал гэж ойлгож болох юм. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал бүхий л зүйлийг харанхуй мунхагаар төсөөлж, нэгэнт ийм байх ёстой гэсэн ойлголтыг хүний оюун ухаанд шууд хүчээр тулгадаг балмад явдал гэж ойлгож болох бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь боловсролгүй, тэнэг мунхаг байдлын үр дүн юм.
Мухар сүсэг өнөөгийн монголчуудын оюун ухаанд гүн бат шингэснийг маш олон энгийн жишээ баримтуудаар тайлбарлаж болно. Хамгийн энгийн жишээг хэлэхэд энэ нь өнөөгийн монгол хүний жирийн амьдрал дээр маш их тохиолддог бөгөөд жишээ нь эцэг эх, эмээ өвөө нар нь хүүхдээ багаас нь сурган хүмүүжүүлэхдээ "ширээн дээр сууж болохгүй, орон дотроо дуулж болохгүй, сүүжний яс гэртээ хонуулдаггүй” гэх мэт үй олон "болохгүйг” тэдэнд шууд тулган хүлээлгэдэг гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Түүнийг сонссон хүүхдүүд нь яагаад тэгж болохгүйг асуухад "угаасаа болохгүй, муу ёр” гэсэн хачирхалтай хариулт өгөх ба мөн ахмад настнууд нь ч яагаад тэгж болохгүй гэдгийгээ өөрсдөө ч огт мэддэггүй билээ. Тэгсэн мөртлөө нэгэнт тэгж үе уламжлан хэлж заншиж ирсэн болохоор түүнийгээ бусад хүмүүст даган мөрдөхийг үеийн үед хүчээр тулган хүлээлгэсээр иржээ.
Ингэж харанхуйгаар аливаа зүйлийг үг дуугүй хүлээн зөвшөөрч даган мөрдүүлсний эцэст өдгөө та бидний ярьж хэлж буй өнөөх мухар сүсэг гэдэг зүйлийн бүхий л эхлэл тавигдсан байна. Энэ бүх зүйлийг цааш нь маш олон жишээ баримтуудаар тайлбарлан дурьдаж болно. Жишээ нь: "Хуримтай таарвал муу, оршуулгатай таарвал сайн, /заримдаа эсрэгээрээ байх тохиолдол бий/, час өдөр замд гарахгүй байх, хоёр дах өдөр муу өдөр, хар мууртай таарвал муу юм болно гэж айж түгших, хэн нэгний хөлийн өлмийг гишгэсэн бол заавал гар барих /үүнийг япон хүмүүс хараад инээж байсан/ үхсэн мал амьтны дэргэдүүр өнгөрөхдөө "түй ,түй” гэж газар хоёр удаа нулимаад "би чамайг алаагүй, алсан хүнээ хараагаарай” гэж хэлэх гэх мэтчилэн иймэрхүү хэзээ үүссэн нь үл мэдэгдэх этгээд гаж зүйлүүд манайд маш их байдаг. Мөн үүнтэй адил төстэй нэгэн инээдмтэй мухар сүсэг бол өнөөгийн 21-р зуунд амьдарч буй дийлэнх монголчууд бараг бүгдээрээ шахуу төвдийн зурхайгаар амьдардаг болоод удаж байгаа явдал билээ. Энэ үүднээсээ ихэнх монголчууд өнөөдөр төвдийн зурхайг даган мөрдөж "Өнөөдөр шинийн 15-ны сайн өдөр, эсвэл Дашням, Балжинням давхацсан өлзийт сайн өдөр” гэж нэрлэн найр хурим болон бусад баяр наадмаа тасралтгүй хийн эцэс төгсгөлгүй мунхагласаар байна.
Өөр нэг инээдтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр мухар сүсэг нь өнөөгийн монголчуудын ихэнх нь үсээ засуулахдаа заавал ч үгүй сайн өдөр муу өдөр гэж ялган аливаа муу юм тохиовол муу өдөр үсээ засуулснаас боллоо хэмээн өөрийгөө харааж зүхэх нь энхүүхэнд болсон бөгөөд энэ нь тэдгээр хүмүүс дундад зууны мухар сүсэгт ямархуу хэмжээнд автсны бодит жишээ мөн билээ. Ийнхүү орчин цагийн монголчууд энэ мэт зах захаа алдсан мухар сүсэгт дэндүү ихээр автаж, сүүлдээ түүнээсээ болоод яах ч учраа олохгүй дэмий л аль нэг шашны байгууллага руу гүйлдэцгээн тэд л бидний авран хамгаалагч болж магадгүй хэмээн хий дэмий солиорцгоох болжээ.
Монголчуудын мухар сүсгийн өвчлөл буюу аугаа ихийн солиорол ямархуу түвшинд очсоныг та бидэнд хэдэн жилийн өмнө болсон "бурханаар бөөлжигч В.Мөнгөнчимэг” гэх эмэгтэйн галзуурал нотолсон бөгөөд энэ мэт жишээг цааш нь үргэлжлүүлвэл өдгөө олон түмнийг өмнөө сөхрүүлэн суулгадаг "Их Наран хутагт” болон олноо мөнгө дуудагч хэмээн алдаршсан Б.Сарандаваа гэх мэтийн луйварчин этгээдүүдийн үйл ажиллагаагаар тодорхойлж болох юм. Гэхдээ өнөөгийн манай нийгмийн хамгийн гол эмгэнэлтэй юм нь юу вэ гэхээр монгол хүмүүсийн дийлэнх хэсэг нь тиймэрхүү хүмүүст гүн бат итгэж биширсэн байдаг нь хамгийн аюултай явдал болоод байна.
Өдгөө энэхүү мухар сүсэг хэмээх хорт вирус тэдний тархи толгойг өдөр ирэх тусам идэж хороосоор маш аймшигтай нөхцөл байдал үүсч байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана. Мухар сүсэгт хэт автах нь аливаа хүн өөртөө итгэх итгэлээ бүр мөсөн алдаж буй эмгэнэлтэй хэрэг юм. Хэдийгээр ямар ч хүн аль нэг шашныг шүтэн бишрэх эрх нь нээлттэй боловч өдөр тутмын асуудал, өөрөө шийдэж болох олон арван зүйлээ байнга лам бөө нараас асуух, түүнд даатгаад байх нь хэр зохимжтой бол?
Тэгвэл ийм байдлаас бид яаж салах ёстой юм бэ? Германы сонгодог философийг үндэслэгч суут эрдэмтэн Имануэль Кант нэгэнтээ "Аливаа хүний өөрийнх нь буруугаас шалтгаалан юм мэдэхгүй, харанхуй мунхаг, оюун санааны түгжигдмэл байдал болон бусдын үгээр явах байдалд орсон үед түүнээс гарах цорын ганц арга зам нь соён гэгээрэл юм гэж хэлсэн нь буй. Иймээс дээрх байдлаас гарах ганц арга зам гарц нь ердөө л үнэн зөв, баталгаа нотолгоотой мэдлэг боловсрол эзэмших явдал болж таарч байна. Өөрөөр хэлбэл элдэв мухар сүсгээс салж соён гэгээрэх ёстой гэсэн үг юм. Харамсалтай нь өнөөдөр монголчууд бидэнд одоохондоо соён гэгээрүүлэгчид тийм ч их байхгүй байгаа нь даанч харамсалтай.
Харин ичих нүүрээ элгэндээ наасан авлигач, увайгүй улс төрчдөөс эхлээд элдэв янзын ашиг хонжоо хайгч хутагт хувилгаадууд та биднийг мунхаг харанхуй, мухар сүсэгтэн хэвээр байлгах ихээхэн сонирхолтой байгаа гэдгийг та бүхэн хэзээ ч мартаж болохгүй гэдгийг санаарай. Учир нь ийм байлгах нь тэдэнд өөрсөдөд нь маш их ашигтай бөгөөд ингэвэл тэдний жирийн ард түмнийг хуурч мэхэлж олсон хөрөнгө мөнгө нь улам арвижих учраас тэр билээ. Тийм болохоор та бид өөрөө өөртөө соён гэгээрүүлэгч байж, мухар сүсгээс зугатан эрдэм мэдлэгийг шүтэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл аль нэг хүний хэлснийг мухар сохроор даган дуурайх биш, учир шалтгааныг нь мэдэж тодруулдаг байх нь чухал билээ. Тэгж байж гэмээнэ бид жинхэнэ утгаараа үндэснийхээ баялаг, үнэ цэнэ нь болж улс орон ирээдүйгээ аварч чадах болно гэдгийг та бүхэндээ хэлье.
Ж.Батдорж
BOLOD.mn
Сэтгэгдэл байхгүй байна.