Сөрөг хүчний саналуудыг долоо хоногийн дотор судлахаа амлав
Төрийн эрх мэдлийг иргэний засаглалд шилжүүлэх болон шилжилтийн үеийг дуусгах тухай сөрөг хүчний тавьсан бүх саналыг долоо хоногийн дотор судалж үзэхээ Суданы цэргийнхэн амлажээ. Телевизийн "Al Arabiya” сувгаар мэдээлснээр, энэ тухай Цэргийн зөвлөлийн дарга Абдель Фаттах аль-Бурхан ням гарагт мэдэгдсэн байна.
"Бидэнд шилжилтийн үеийн дүр зургийн талаарх 100 орчим янз бүрийн хувилбарыг танилцуулсан. Бид долоо хоногийн дотор судалж хэлэлцэнэ. Цэргийн зөвлөл улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд аль нэг талд ая тал засахгүй. Одоогийн нөхцөлд бид технократын /аливаа асуудалд системийн инженерчлэл эсвэл инженерийн ухаанаар ханддаг бодлого боловсруулагч/ Засгийн газрыг эмхлэн байгуулахыг илүүд үзэж байна” гэж тэрбээр онцлон дурджээ.
Суданы хуучин дэглэмд өндөр дээд албан тушаал хашиж байсан бүх хүнийг шоронд хорьж, банкан дахь дансуудыг нь хаасан гэдгийг Абдель Фаттах аль-Бурхан мэдээлсэн байна.
Үүнээс гадна, Прокурорын газарт авлигатай тэмцэх шинэ хэлтэс нээснийг мэдээлжээ. Уг хэлтэс нь Суданы Ерөнхийлөгч асан аль-Баширын дэглэмийн төлөөлөгчдийн хэргийг шалгах аж. Ерөнхийлөгч асны ордонд нэгжлэг хийх явцад 350 мянга гаруй ам.доллар, 7 сая евро, 5 тэрбум судан фунт /105 сая орчим ам.доллар/ олдсон байна.
Төрийн эрхэнд дангаар ноёрхохыг, өмнөх дэглэмийг сэргээхийг, мөн эрх мэдлийг иргэний засаглалд шилжүүлэн өгөх боломж олгохгүй байхыг оролдож байна гэж Суданы сөрөг хүчнийхэн цэргийнхнийг ням гарагт буруутгажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.