Италийн эрх баригчид Венесуэлийн асуудалд өөр өөр байр суурьтай байна
Итали улс Хуан Гуайдог Венесуэлийн "түр Ерөнхийлөгчөөр” хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бусад орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байна. Ийм мэдэгдлийг Италийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Манлио Ди Стефано хийжээ.
"Итали улс Гуайдог хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь өөр улсын дотоод бодлогыг аль нэг улс эсвэл гуравдагч орны бүлэг тодорхойлж болно гэдэг ойлголтыг бид эрс эсэргүүцэж байна” гэж тэрбээр пүрэв гарагт телевизийн "Tv2000” сувгаар мэдэгдсэн байна. Ди Стефаногийн хэлснээр, гол зорилго бол Венесуэлд дайн гарахаас урьдчилсан сэргийлэх юм. "Ливи улсад ийм алдаа гарсан бөгөөд өнөөдөр үүнийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Бид ийм үйл явдал Венесуэлд давтагдахаас зайлсхийх ёстой” гэж "Таван од" хөдөлгөөний төлөөлөгч Ди Стефано онцлон тэмдэглэжээ.
Тэрбээр өмнө нь Венесуэлийн талаар баримталж буй Европын Холбооны /ЕХ/ байр суурийг шүүмжилсэн бөгөөд Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон тус улсын сөрөг хүчний хооронд Итали улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэх санал тавьсан байна.
Үүний сацуу, Италийн Гадаад хэргийн дэд сайд бөгөөд "Таван од” хөдөлгөөнтэй эвсэж Засгийн газрыг эмхлэн байгуулсан "Лига” намын төлөөлөгч Гульельмо Пикки Венесуэлийн талаар Ди Стефанотай бараг нэгэн зэрэг шахуу түүний байр сууриас эсрэг мэдэгдэл хийсэн байна. "Мадурогийн засаглал дуусч байна” гэж "Лига” нам үзэж байгаа бөгөөд Венесуэлд хараат бус ажиглагчдын оролцоотой сонгууль явуулах ёстой гэж Гульельмо Пикки "Twitter” хуудсандаа бичжээ.
Түүнчлэн Италийн Гадаад хэргийн сайд Энцо Моаверо лхагва гарагт мэдэгдэхдээ, Венесуэлийн хямралын асуудалд хандах ЕХ-ны байр суурийг Ром бүрэн дэмжиж байна гээд, "чөлөөт, шударга” сонгууль явуулахыг уриалсан байна.
Хуан Гуайдог Венесуэл улсын "хууль ёсны түр Ерөнхийлөгчөөр” хүлээн зөвшөөрсөн тогтоолыг Европын парламент пүрэв гарагт баталжээ. Мөн ЕХ-ны дипломат алба болон гишүүн орнуудад ийм шийдвэр гаргахыг уриалсан байна.
Хэрэв шинэ сонгуулийг найм хоногийн дотор зарлахгүй бол Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Хуан Гуайдог тус улсын түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрнө гэж өмнө нь Нидерланд, Их Британи, Герман, Франц болон Испани улсын эрх баригчид мэдэгдсэн билээ.
Николас Мадурог эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал цуглаан Венесуэлд нэгдүгээр сарын 21-нд эхэлсэн юм. Тус улсын парламентын дарга Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө "түр Ерөнхийлөгчөөр” зарласны дараа АНУ болон өөр хэд хэдэн улс түүнийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн билээ.