“Талибан” хөдөлгөөний босогчид цагдаагийн газрын байр руу халджээ
Афганистаны хойд нутгийн Пули-Хумри хотын цагдаагийн газрын төв байранд өнгөрсөн ням гарагт болсон халдлагын улмаас наад зах нь 7 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан байна.
Амиа золиослогч этгээд "Humvee” хуягт тээврийн хэрэгсэлд олон тооны тэсрэг төхөөрөг ачиж, уг халдлагыг үйлджээ. Үүний дараа зэвсэглэсэн этгээдүүд болон аюулаас хамгаалах хүчнийхний хооронд мөргөлдөөн үүсжээ.
"Амиа алдагсдын дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан бөгөөд 50 гаруй хүн шархадсан” гэж Афганистаны Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Тус улсад лалын шашны хатуу дэглэмийг тогтоохыг хүсдэг "Талибан” хөдөлгөөн дээрх халдлагын хариуцлагыг хүлээжээ.
"Талибан” хөдөлгөөний босогчид Афганистаны аюулаас хамгаалах хүчний ажилтнуудыг онилон халдлага үйлдэх нь түгээмэл байдаг бөгөөд аюул занал учруулж эхэлсэн 2001 оноос хойш ихээхэн хэмжээний газар нутгийг өөрсдийн хяналтдаа оруулаад байна.
Урт хугацааны турш үргэлжилж буй зөрчлийг дуусгавар болгох зорилгоор Катар дахь АНУ-ын төлөөлөгч уг хөдөлгөөний босогчидтой 2018 оны 10 дугаар сараас хойш найрамдлын хэлэлцээ хийж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ашраф Гани болон АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад нарын тавьсан гал зогсоох саналыг "Талибан” хөдөлгөөний босогчид хүлээн зөвшөөрөөгүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна.