Ёшихидэ Суга АНУ-д айлчилна
Японы Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгч энэ долоо хоногийн эцсээр АНУ-д айлчилж, тус улсын дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нартай уулзана.
Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сугагийн АНУ-д хийх дөрөв хоногийн айлчлал пүрэв гарагаас эхэлнэ. Түүний айлчлал БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдэх хийгээд Окинава дахь АНУ-ын цэргийн хүчнүүдийн нөлөөг сулруулах зорилготой ажээ.
Ё.Суга АНУ-ын төлөөлөгчидтэй БНАСАУ-ын өнгөрсөн бямба гарагт явуулсан туршилтын талаар мөн хэлэлцэх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ тэрбээр БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үйл хэрэгт хамтран ажиллана гэдгээ дахин нотлохоор төлөвлөж байгаа юм.
Ерөнхий сайд Шинзо Абэ хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдэх зорилгоор БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзах хүсэлтэй байгааг Ё.Суга дамжуулж, уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг АНУ-ын талаас хүсэх ажээ
Японы Засгийн газраас мэдээлснээр, 1970, 1980-аад оны үед БНАСАУ-ын төлөөлөгчид наад зах нь 17 Япон иргэнийг хулгайлсан ажээ. 2002 онд болсон дээд хэмжээний уулзалтын дараа тэдгээр иргэний тавыг нутаг буцаасан боловч бусад нь сураггүй хэвээр байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.