Эх орноосоо урвах асуудлаар гишүүд юу гэж хэлж байв?
Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлт ч тэр нэгэн үес нууцлалын зэрэгтэйгээр хэлэлцэгдэнэ гэж яригдсан. Гэвч юун нууцлал манатай юм болж өнгөрөв. "Оюутолгой” ХХК-ийн зүгээс уг асуудлаар гаргасан мэдэгдэлдээ "Дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос 2019.05.03-ны үдээс хойш нууцлалын зэрэггүйгээр хүлээн авсан” гэж дурдав.
Харин Д.Дамба-Очир гишүүн 2019.05.06-ны өдөр "Рио-Тинтод дүгнэлтийг албан ёсоор хүргүүлсэн юм байхгүй” гэж мэдэгдсэн. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх "Байнгын хорооны даргын өгсөн чиглэлээр дүгнэлтийг Оюутолгойд 2019.05.03-ны өдөр хүргүүлсэн” гэх мэдээллийг өгсөн. Тодруулж хэлбэл, эрх баригч намын бүлгээр ч орж, саналаа нэгтгээгүй асуудлыг Д.Дамба-Очир гишүүн Оюутолгой руу илгээсэн гэсэн үг.
Хэзээ байтлаа УИХ шалгуулсан байгууллагынхаа материалыг урьдчилж өгч, тэднээр хэлэлцэх асуудлаа заалгадаг болсон юм. Гишүүдийн үүрэг, хариуцлага, дүрэм журам ярих дуртай шинэ спикер Д.Дамба-Очир гишүүний үйлдэлд хариуцлага тооцох ёстой. Ийм муу жишиг парламентад тогтвол яах уу.
Цаашлаад Д.Дамба-Очир гишүүний энэ үйлдлийг хууль, хяналтын байгууллагууд ч шалгах хэрэгтэй билээ. Парламентад байгаагүй муу жишгийг тэр үзүүллээ. Хариуцлагатай дарга нь дуугүй өнгөрүүлэхгүй гэж найдаж байна.
Ж.МЯДАГБАДАМ
Тэгвэл 2017-05-17 -ны өдөр Мminfo.mn сайтад, Сэтгүүлч Өнөртогтохийн бичсэнээр гишүүд юу гэж хэлж байсынг эргэн санацгаая.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-аар баталсан Эрүүгийн хуульд эх орноосоо энх цагт урвахыг ялд тооцохгүй гэсэн зүйл заалт баталлаа гэсэн шүүмжлэд гараад буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж, дайн байлдаантай үед эх орноосоо урвахыг ялд тооцно, бусад тохиолдолд ялд тооцохгүй гэж Эрүүгийн хуульд тусгалаа. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учирлаа гэсэн юм. Тэгвэл энэ асуудлаар парламент дахь хуульч улстөрчид зөрүүтэй байр суурь илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Эх орноосоо урвагч бол зөвхөн дайн болон дайн бүхий үед байна. Бусад үед байхгүй гээд баталчихлаа. Хуулийг ийм жонхуу болгоод хаячихсан. Үүнийг нь хэлээд дийлэхгүй болохоор би эсэргүүцлээ илэрхийлээд оролцоогүй юм. Урвагч бол урвагч л байдаг. Монгол болохоор энхийн цагт урвагч байхгүй гэсэн хууль батлаад сууж байх юм. Хамгийн эмзэг байршилтай, цөмийн зэвсэгтэй супер хоёр гүрний дунд оршиж байж ийм хууль батлаад сууж байж болохгүй шүү дээ
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эх орноосоо урвах гэдэг зүйл заалтыг устгаад хаясан мэтээр зарим хүн яриад байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах, төрийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой нэг ч зүйл заалтыг хөдөлгөөгүй. 2015 онд батлагдсан тэр хэлбэрээрээ байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд тусгагдсан "Эх орноосоо урвах” гэдэг зүйл 2015 оны шинэ хуулиар 19.1, 19.4 гэж хоёр зүйл болж салж батлагдсан. Эх орноосоо урвах гэдэг зүйлийг Эрүүгийн хуулиас бүхэлд нь энэ чуулганаар аваад хаясан мэт, эсвэл Эрүүгийн хуульд огт байхгүй юм шиг ойлголтыг хүний, өөрийн зарим хүмүүс яриад байгаа нь огт худлаа шүү. Нийгэмд буруу зөрүү ойлголт өгч тараагаад байгаа нь зохисгүй учир Тагнуулын ерөнхий газар хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй. Нийгэмд янз бүрийн мэдээлэл тараад байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учирлаа гэж үзэж байна. УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн 19.1 заалтад "Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасан. Энэ нь эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна.
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөдрийн Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болохуйц гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, мөн дайн бүхий байдал зарласан үед дайны талд шилжин орсон бол 16-25 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байсан. Энэ хоёр заалтыг харьцуулан харвал шал өөр.
Хуульзүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:
- О.Баасанхүү гишүүн эх орноосоо урвах зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасчихсан байна гэж ярьсан. Тийм зүйл байхгүй. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах зүйл ангид дайны байдлын үед дайсны талд элссэн, хамтарч ажилласан, Монгол Улсад тагнуул хийсэн, Монгол Улсын иргэн гадаадын тусгай албанд элссэн, хамтарч ажилласан, улсын нууц задруулсан үйлдлийг бүгдийг нь нэг гэмт хэрэгт багтаан бичсэн байдаг. Өнгөрсөн парламент хууль батлахдаа үүнийг дөрвөн гэмт хэрэг болгосон байдаг.
Нэгдүгээрт, эх орноосоо урвах, хоёрдугаарт, гадаад улсын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтарч ажиллах, гуравдугаарт тагнуул хийх, дөрөвдүгээрт, улсын нууц задруулах гэх дөрвөн гэмт хэрэг болгосон. Үүнийг шинэ хуульд огт хөндөөгүй. Гэтэл О.Баасанхүү гишүүн өмнөх парламентын үеийн асуудлыг одоо яриад байгаа юм. Энэ Засгийн газар, Их хуралтай ямар ч хамаагүй. Хоёрдугаарт, О.Баасанхүү гишүүн эх орноосоо урвах үйлдэлд зөвхөн дайны байдалд хамаарч байна. Энхийн цагт дайсны талд орохыг мөн оруул гэж яриад байгаа. Дайсан гэдэг ойлголт зөвхөн дайны үед яригддаг ойлголт. Энхийн цагт аль нэг улстай дайтаагүй үед аль нэг улсыг дайсан гэж зарлаж болохгүй. Эх орноосоо урвахыг гэмт хэрэгт тооцохоо больсон зүйл огт байхгүй. Үнэхээр тэгсэн бол хууль тогтоох байгууллага юу хийж суух билээ. Улсын нүд чих болсон тагнуулын байгууллага ч юу хийж суух билээ. Нийтийн дунд ташаа мэдээлэл түгээж байгаа учраас хэлэхгүй байх арга алга.
Эх сурвалж: Мminfo.m Өнөртогтох 2017-05-17
Сэтгэгдэл байхгүй байна.