Аав, хүү хоёрын дансанд 35 сая төгрөг цуглажээ
Энэ сарын 24-ний өдөр манай сайтын зүгээс "Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй АСАРДАГ ААВ” нийтлэлээ олон нийтэд хүргэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараагаар аав, хүү хоёрт туслах сайхан сэтгэлт монголчуудын цуваа өнөөдрийг хүртэл тасраагүй байна.
Г.Батхуяг орох орон ойчих хаяг байхгүй ч, өвчтэй хүүгээ өвөр дээрээсээ нэг минут ч салгалгүй 7 жил асарч байгаа бөгөөд аав, хүү хоёр өдгөө ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсээр байна.
Төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт ДЦП өвчтэй болсон Б.Гэрэлт-Од хүү хэвтрийн хатгаа болж, таталт өгснөөр эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа юм. 100 хувийн асаргаанд байдаг хүүг ааваас нь өөр асарч харж хандах хүн байхгүй. Учир нь ээж нь Б.Гэрэлт-Од хүүг хоёр настай байхад нь орхин явжээ. Тэр цагаас хойш аав хүү хоёр аав, ээжийнхээ гэрт толгой хоргодож, ах дүүгийн гарыг харсаар өдийг хүрсэн байна байдаг.
Энэ л амьдралын нугачаанд нухлагдаж яваа ч хүүгийнхээ төлөө бүхнийг хийхийг зорьж, хичээж буй энэ аавыг нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа сахиур ээжүүд зүгээр хараад сууж тэсэлгүй Г.Батхуягт туслах аянг эхлүүлсэн билээ.
Үеийнх нь хүүхдүүд сургуульд ороод хөл дээрээ гүйж байхад сууж ч чадахгүй байгаа 7 настай хүүг харсан хэн ч тоохгүй өнгөрөхгүй биз. Тиймдээ ч өөрсдөө тархины саажилт өвчтэй хүүхдүүдээ асардаг ч гэр оронгүй айлд толгой хоргодож байгаа аав, хүү хоёрт туслахаар сэтгэл зүтгэл гарган тэднийг гэр оронтой болгож, хүүд хэрэгтэй эмчилгээнд зарцуулахыг хүсч "Нандин сувд” тархины саажилт ДЦП өвчтэй хүүхдүүдийн аав, ээжүүдийн фэйсбүүк группээс тус хандивын аяныг үргэлжлүүлж байгаа юм.
Б.Гэрэлт-Од хүүг ааваас нь өөр асрах хүн байхгүй учир аав Г.Батхуяг нь ажил хийх боломж олддоггүй хэмээн ярьж байсан. Харин эдгээр аав, ээжүүд хүүг саажилттай хүүхдийг асардаг цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулахаар ярилцан тохирчээ. Ингэснээр Г.Батхуяг намар хүүгээ цэцэрлэгт нь өгчихөөд өөрөө ажил хийх боломжтой болж байгаа юм. Өөрсдийн гэсэн гэр оронгүй болоод айлаар амьдарч байсан хүү шим тэжээлийн дутагдалтай байгаагаас гадна асаргаа их чухал гэдгийг эмнэлгийн байгууллагаас хэлж байгаа. Тиймээс хүүг эмнэлгээс гармагц сувилалд явуулахаар ЭМЯ-нд хандаад байгаа гэлээ. Хүү маш их таталт өгдөг учир тэр бүр хүлээж авах сувилал олдохгүй байгааг хандив зохион байгуулж буй аав, ээжүүд хэлж байв.
Хандивын аян өрнүүлээд зургаан хоног болж байна. Энэ хугацаанд Г.Батхуягийн дансанд 35 сая төгрөг цуглараад байгаа аж. Цугласан мөнгөөр аав, хүү хоёрыг өөрсдийн гэсэн орон гэртэй болгох юм. Хүү хэвтрийн хатгаа болсон нь даарч чийгтсэнээс болсон бөгөөд аав хүү хоёрт дулаан тохилог нэг өрөө байр авч өгөхөөр судалж хайж байгаа аж. Хандивын аяныг ирэх зургадугаар сарын 10 хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. Тиймээс 7 жилийн турш хүүгээ асарч байгаа аав, 7 настай хэдий ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй хүүд туслаж, нэг өрөө дулаан байртай болгох хандивын аянд нэгдэхийг сайхан сэтгэлт ард түмнээсээ хүсч байна.
Гэрэлт-Од хүүгийн аав Г.Батхуягийн Хаан банкны данс: 5096214084
Утасны дугаар: 80071384
Х.Соёл
Сэтгэгдэл байхгүй байна.