О.Ундрам: Энэ жил 0-1 настай 505 хүүхэд хатгаа өвчнөөс болж нас барсан
Эмнэлгийн шалан дээр хэвтэн эмчлүүлж, нэг утлагын аппаратан дээр зургаан цаг дугаарлаж, хоёр уушиг нь хатгаанд идэгдсэн багачуулынхаа дуу хоолойг төрд хүргэхээр 20 мянган ээж энэ сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд хар масктай жагсаж гэж тэмцэхээр төлөвлөөд байгаа юм. Агаарын бохирдол Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг чимээгүй хөнөөж байгаа тул эхчүүд ийн нэгдэж тэмцэхээс өөр аргагүй болоод байна. Тэгвэл энэ ажлыг санаачлан, эхлүүлсэн О.Ундрам хэвлэлд өгсөн ярилцлагадаа анхаарал татсан зүйлийг ярьж байна.Тэрбээр -Хувиараа судлаж үзэхэд жилд 40 мянга гаруй хүүхэд ханиад хүрч, хатгаа болдог юм байна. Энэ жил 0-1 настай 505 хүүхэд энэ өвчнөөс болж нас барсан байхад өнгөрсөн жил 475 хүүхэд өөд болсон тоо баримт олж үзсэн. Харин 1-5 настай 100-200 хүүхэд жил бүр мөн л энэ шалтгаанаас болж нас барж байна. Үнэхээр агаарын бохирдол хүүхдийн уушгинд дархлаа тогтоохоо больж, хүүхдүүд ханиаднаас, эмнэлгээс, эм эмчилгээнээс салахаа болилоо. Би хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл, ирээдүй, тэдний үр хүүхэд, амжилт, ажил мэргэжлийнх нь талаар төсөөлж, мөрөөддөг. Гэтэл би насаараа уушгины өвчтэй, ханиалгадаг, ойр ойрхон хүчилтөрөгчийн аппарат залгуулдаг болгож хүүхдээ өсгөхийг хүсэхгүй байна. Монголд амьдарч буйнхаа төлөө миний хүүхэд ийм болж өсөх ёсгүй. Үнэхээр энэ асуудал хурцадмал болчихсон, хүн бүр мэдэж байгаа, санаа нь зовж байгаа боловч яг дуугарах, эхлүүлэх хүн хэрэгтэйгээс би энэ уриалгыг бичиж, эхлүүлсэн юм” гэж байна. Мөн тэрбээр Засгийн газарт өгөх өргөх бичгээ хэзээ бэлэн болгохоор төлөвлөж байгаа талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа –"Судалгааны материал бүрэн гүйцэд болж, ээжүүдээс эмнэлгийн зураг, хүүхдийн зураг, өвчлөлийн хэмжээ, ягаан дэвтрүүдийн зургийг цуглуулж байна. Гуравхан настай хүүхэд ягаан дэвтрээ дуустал эмнэлэгт хэвтчихсэн байна гэдэг бид ямар эмгэнэлтэй байдалд ороод буйг хэлж байна. Энэ долоо хоногтоо бид энэ бүх баримт, судалгаануудаа бэлэн болгоод баасан гаригт өргөх бичгээ барих зорилготой байна. Эртхэн өгөх тусмаа эрт шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа.” гэсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Сэтгэгдэл байхгүй байна.