Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ
Эвлэрлээ, нэгдлээ хэмээн сүр дуулиантайхан зарлаж, хурал хуйгаа хийгээд байсан МҮБХ-ны маргаан одоо ч эцэслэгдээгүй бололтой. Учир нь бөхчүүд эвлэлдэн нэгдэж, МҮБХ үйл ажиллагаагаа явуулахад Дархан аварга Б.Бат-Эрдэнэ "саад” болж байгаа гэнэ. Учир нь ОӨУБЕГ-аас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг албан ёсоор бүртгэж, улмаар түүнд тамга тэмдэг эзэмших эрхийг өгсөн байдаг. Харин уг шийдвэрийг эсэргүүцэж, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байжээ.
Түүний нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх өнгөрсөн тавдугаар сарын 10-ны өдөр хэлэлцээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар "Нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, МҮБХ-ны ээлжит бус Их Эеийн хуралдаан 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг албан ёсоор сонгож, УБЕГ-ын улсын бүртгэгч 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Л.Чинбатыг МҮБХ-ноор тэргүүнээр бүртгэж, гэрчилгээ олгосноор тус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх Л.Чинбатад үүссэн байна.
Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2-т зааснаар Дархан аварга Б.Бат-Эрдэнийг нэхэмжлэх гаргах эрхгүй гэж үзэн, нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж Захиргааны хэргийн шүүх үзсэн байна.
Ямарч байгууллагыг улсын бүртгэлд бүртгэгдсэн нэр, гэрчилгээнд албан ёсоор бүртгэгдсэн хүн нь удирддаг. Тэгэхээр ОӨУБЕГ-аас Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр бүртгэж, Захиргааны хэргийн шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзсэн учир МҮБХ-ны тэргүүн нь Л.Чинбат гэдэг нь тодорхой боллоо.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл байхгүй байна.