“Google” төхөөрөмжүүдээ дахин боловсруулсан материалаар бүтээнэ
2020 он гэхэд "Google” компани бүх төхөөрөмжөө дахин боловсруулсан материалаар бүтээнэ гэж тус компанийн төлөөлөгчид мэдээлснийг "Fast Company” сэтгүүл уламжилжээ.
"Google”-ийн төлөөлөгчдийн хэлснээр, дахин боловсруулсан материалаар "Pixel” загварын ухаалаг гар утсууд, "Pixelbook” зөөврийн компьютер, "Google Home” гэрийн ухаалаг систем, "Nest” термостат /тогтмол температурыг барих төхөөрөмж/, мөн гэр /саsе/ зэрэг бусад дагалдах хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг "Made By Google” хөтөлбөрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх аж.
"Google” компани зарим бүтээгдэхүүнээ хэдийнэ дахин боловсруулсан хог хаягдлаар хийж эхэлжээ. Жишээлбэл, "Chromecast” төхөөрөмжийг үйлдвэрлэхэд дахин боловсруулсан хуванцар, "Google Home” чанга яригч болон гар утас, таблетуудын гэр үйлдвэрлэхэд хуванцар сав ашиглаж байна.
Үүнээс гадна, тус компани ирэх жил гэхэд бүх төхөөрөмжөө саармаг нүүрстөрөгчөөр бүтээнэ гэж амлажээ. Энэ нь "Google” компанийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх үед агаар мандалд хаягдаж буй хортой бодисын хэмжээг бууруулахаар төлөвлөж байгаа гэсэн үг юм.
Бусад IT компаниуд ч мөн хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн шинэчлэл хийхийг оролдож байгаа билээ. Тухайлбал, "Apple” компани хуучин айфонуудын эд ангиудыг задалж, бүх эд ангийг бие даан ангилж ялгадаг Лиам гэдэг нэртэй хаягдал боловсруулагч роботтой. Түүнчлэн "Samsung” компани энэ жил илүү "ногоон” болно гэж амласан юм. Тус компани бүтээгдэхүүнүүдийнхээ сав баглаа боодолд байгаль орчинд ээлтэй материал ашиглахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.
Сэтгэгдэл байхгүй байна.