АНУ-ын Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх асуудлыг эсэргүүцэх бүлэг байгуулжээ
АНУ-ын Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлж буй асуудлыг эсэргүүцэх тусгай бүлгийг Д.Трамп байгуулжээ. Уг бүлэгт элсэхийн тулд 5 ам.доллар төлөх ажээ.
"Одоогоор Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын 150 гаруй гишүүн Д.Трампт итгэл үл үзүүлэх асуудлыг дэмжиж байна. Ийм жигшүүртэй, үндэслэлгүй дайралтыг үргэлжлүүлэхийг бид зөвшөөрөхгүй. Итгэл үл үзүүлэхтэй холбоотой эдгээр мэдээлэл нь Ерөнхийлөгчтэй ямар ч холбоогүй. Бид үүнийг дахин тэвчихгүй учир энэ асуудлын эсрэг зогсох тусгай бүлгийг байгуулж байна” хэмээн Бүгд Найрамдах намын сонгуулийн штабын мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялж, улиран сонгогдохын тулд Д.Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд шахалт үзүүлэх оролдлого хийсэн гэх мэдээлэл гарсны дараа Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх үйл явцыг эхлүүлснээ мэдэгдсэн байна. Энэ үйл явцын хүрээнд холбооны улсын албан тушаалтнуудыг тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгчийг төрөөс урвасан, хээл хахууль авсан эсвэл хүнд гэмт хэрэг үйлдсэн, хууль зөрчсөн хэмээн буруутгах замаар албан тушаалаас нь огцруулж, хариуцлагад татах асуудал яригдаж байгаа аж.
Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх үйл явцыг эхлүүлсэн нь АНУ-ын түүхэнд гурав дахь удаагийн тохиолдол болж байна. Гэвч энэ үйл явцыг эхлүүлсэн гэдэг нь Д.Трамп албан тушаалаасаа бууна гэсэн үг биш юм.