Экспортын хязгаарлалтаа цуцлахыг дахин уриалжээ
"Шударга бус хийгээд ялгаварлан гадуурхсан экспортын хязгаарлалт”-аа цуцлахыг БНСУ-ын Худалдааны яам Япон улсад хандан дахин уриалжээ.
Япон улс өнгөрсөн долдугаар сарын эхээр урьдчилан мэдэгдэхгүйгээр БНСУ-ын аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүнүүдэд экспортын хязгаарлалт тавьсантай холбогдуулан дээрх мэдэгдлийг хийсэн байна.
"БНСУ-ын эсрэг чиглэсэн Японы үйлдэл нийлүүлэлтийн сүлжээнд тодорхойгүй байдлыг бий болгож, компаниудын үйл ажиллагаанд ихээхэн сөргөөр нөлөөлж байна” гэж Худалдааны яамны мэдэгдэлд дурджээ.
Есдүгээр сарын эцсийн байдлаар Япон улс хязгаарлалтад багтсан аж үйлдвэрийн материалуудын дөнгөж таван тээвэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.
Өнгөрсөн онд Сөүлийн шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы фирмүүдээс шаардсантай холбогдуулан Япон хариу арга хэмжээ авж байна хэмээн олон нийт үзэж байгаа ажээ.
Японы засаг захиргаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үзэж, шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн экспортын хязгаарлалт нь шүүхийн уг шийдвэртэй холбоогүй хэмээн мэдэгджээ.
БНСУ өнгөрсөн есдүгээр сард Японы экспортын хязгаарлалтын талаар Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ гомдол мэдүүлсэн бөгөөд ингэснээр БНСУ, Япон маргаанаа зохицуулахын тулд хоёр талын хэлэлцээг зохион байгуулах шаардлага үүсэх ажээ. Талууд хэлэлцээний замаар санал зөрөлдөөнөө зохицуулж чадаагүй тохиолдолд ДХБ уг асуудлыг нарийвчлан судлах ажлын хэсэг байгуулах юм.
Сэтгэгдэл байхгүй байна.