Т.Ариунаа: Та бүхэнтэйгээ уулзаагүй 10 жилийн хугацаа маш хол байлаа
15 настай байхдаа "16 нас” хэмээх дуугаар үзэгч түмэнтэйгээ учран золгож байсан салаа гэзэгтэй охин өдгөө 37 жилийн дараа 15 дахь удаагийн бүрэн хэмжээний бие даасан тоглолтоороо сонсогч фэнүүдтэйгээ уулзахад бэлэн болжээ.
Энэ бол дуулсан дуу бүр нь ХИТ болж, та бидний зүрх сэтгэлийг хөглөж байдаг МУГЖ Т.Ариунаа юм.
Тэрбээр, арваннэгдүгээр сарын 8-нд "Буянт ухаа” цогцолборт болох "Тэнгэр шиг бай” тоглолтынхоо талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хурлын эхэнд дуучин Т.Ариунаа үг хэлэхдээ "Та бүхэнтэйгээ хамгийн сүүлд 10 жилийн өмнө өөрийн бие даасан тоглолтоороо уулзсан. Яг 10 жилийн дараа Тэнгэр шиг бай тоглолтоороо уулзах гэж байгаадаа баяртай байна. Үнэнийг хэлэхэд 10 жилийн хугацаа маш хол байлаа. Бүх юмс өөрийн цаг хугацаатай байдаг гэж боддог. Төрөх хийгээд үхэх цаг хугацаа, тарих хийгээд тарьснаа хураах цаг хугацаа, дуугүй байх хийгээд ярих цаг хугацаа, дайтах хийгээд найрамдах цаг хугацаа бүхэн өөрийн цаг хугацаатай. Магадгүй "Тэнгэр шиг бай” тоглолт маань тэр цаг хугацааг хүлээсэн биз. Би энэ удаагийн тоглолтоо хийхийн тулд нэлээд эрэл хайгуулыг хийсэн. Хүмүүс амьдралын баяр баясгалан, сайн сайхныг үргэлж эрж хайж байдаг. Энэ эрэл хайгуул нь гадаад болон дотоод ертөнцийнх гэж бий. Миний хувьд энэ эрэл хайгуулыг дотоод ертөнцөөсөө эхэлж, өөрийгөө ялж гарах, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх он жилүүд байсан юм.
Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсны хүүдээ зориулж бичсэн "Тэнгэр шиг бай” шүлэг 1990-ээд оны үед алдаршсан байдаг. Тэр үед хүүд нь энэ шүлгийн мөр бүр хань нөмөр болсон бөгөөд өдгөө монгол түмэнд ухаарал хайрласан шүлэг болж, бидний зүрх сэтгэл мөнхлөгдөн үлджээ.
Миний хувьд амьдралын туулах ёстой үе эхэлж байх үед "Тэнгэр шиг бай” шүлгийг нэгэн бүсгүй уншихыг сонсоод яагаад дуу болгож болохгүй гэж дүү н.Баттөгсдөө хэлсэн. Тэгээд 2011 онд олон хөгжмийн зохиолчидтой уулзалт хийсэн. Ингээд нэрт хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярт шүлгийг дуу болгох саналыг өгч, захиалсан байдаг. Энэ шүлэг олон хүний зүрх сэтгэлийг асаасан дуу болоосой гэдэг дээр илүү ач холбогдол өгсөн. Гэтэл одоо "Тэнгэр шиг бай” цомог маань тоглолт болох гэж байгаад баяртай байна. Тоглолтын шинэ баг хамт олондоо болон үеийн үед хамт байсан та бүгддээ баярлалаа" гэдгийг онцлов.
Түүний дараагаар түүнтэй нэг баг болон хамтран ажиллаж буй залуу уран бүтээлчид нь сэтгэгдлээ хуваалцсан бол хэвлэлийн хуралд урилгаар оролцсон хүндэт зочид болох МУАЖ Н.Сувд, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Л.Балхжав, МУГЗ Ү.Хүрлээ, МУГЖ, Соёл-Эрдэнэ хамтлагийн ахлагч Г.Жаргалсайхан, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, СТА Т.Бархүү гэх мэт эрхэм хүндтэй хүмүүс нь түүнд зориулж үг хэлэн, дурсамж, дурьдатгал бүхий сайхан яриаг өрнүүлсэн юм.
Дашрамд сонирхуулахад, Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа "Тэнгэр шиг бай” тоглолт
- Энэ цагийг өөрсдийн авьяас чадвараараа түүчээлж байгаа залуу уран бүтээлчидтай хамтарч 1990-ээд оны шилдэг дуунуудыг орчин үеийн хэв хаягт оруулан дуулсан дуунууд
- Ариунаагийн шилдгийн шилдэг хит дуунууд /Тухайлбал, "Дурлал шиг асна”, "Бундан зүрх”, "Үл таних эмэгтэй”, "Чамдаа уусна”, "Миний амьдрал”, "Би”, "Ирэх л гэж”, "Нандин учрал”, "Жаргаж үзээгүй дурлал”, "Чи минь”, "Үггүй мордсон чи минь” гэх мэт 18 шилдгийн шилдэг дуугаа хоёрдугаар хэсэгт зориулан дуулах юм байна/
- Сүүлийн үеийн хит дуунууд гэсэн гурван үндсэн хэсэгтэй юм байна.
Т.ГЭРЭЛ
http://www.zaluu.com/read/3ea6279ag
Сэтгэгдэл байхгүй байна.