Парламентад хөл тавьсан жилээ хөрөнгө орлого нь 100 дахин өссөн бүсгүй
Өвөл болохоор хүйтэрдгийг анхааруулж, малаараа шатахуун бартердах боломж байдгийг олж харсан цор ганц түшээ бол УИХ-ын гишүүн М.Билэгт. Төрийн тэргүүнтэй нутаг нэг, Хонгор нутгаас сонгогдсон эрхэм гишүүн өсвөр насны гэнэн цайлган охин шиг хөөрхөн юм ярьдаг, түүгээрээ түмэнд танигдчихаад байгаа.
Байнгын ажиллагаатай парламентын түүхэнд ийм зальжин эмэгтэй байгаагүй болов уу. Үе үе шүүгч аятай "60 тэрбумын хэрэгт хохирогч байхгүй” хэмээх дүгнэлт шиднэ. Нэг үгээр илэрхийлэхэд хэлхэж ойлгоход түвэгтэй хэцүү үг чулууддаг хүн.
Сонин содон, тэнэгдүү ч гэчихэд буруутахааргүй тийм нэг хачин үг өгүүлбэр их урсана. Шударга ёсыг үргэлж номлохын зэрэгцээ олон улсын худалдааг бартераар хийх туйлын эрмэлзэлтэй хүн. Шатахууны үнийн асуудлыг шийдвэрлэх нэгэн "хөгжилтэй” гарц олж харчихаад Сангийн сайдаас лавлаж байсныг нь санаж буй биз. Тэрбээр "Уг нь жилдээ нэг тэрбум ам.долларын шатахуун орж ирдэг юм билээ. Төр 20 сая бог малаар шатахуун бартер хийх юм зохицуулж болно. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байна вэ” хэмээгээд Танхимынхны инээдийг барсан. Харин салбарын сайд нь "Сангийн яам малаар шатахуун солих тийм наймаа ярьдаггүй. Бид бодлогоо ярья. Бизнес эрхлэгчид бизнесээ хийвэл зүгээр” хэмээн хариулав. Харин эрхэм гишүүн асуултынхаа хариуд үг дуугүй улаа бутарсаар чимээгүй суусан.
Уг нь М.Билэгт гишүүний бизнес сэтгэлгээ үг шигээ биш. Наймаачдын "удам угсааг” амиа гартал халуун цээжээрээ хамгаалах нь сүртэй. Ямартаа "… муу наймаачин, наймаачин л гэх. Монгол Улс нүүрсээ зарж байгаа нь наймаа биш үү. Цаашид залууст наймаачин болж болохгүй, төрийн албан хаагч болох ёстой гэсэн ойлголт өгөөд байна” гээд хоолой зангируулан загнахав. Ер нь бизнесийн бүлэглэлд их хайртай. Тэр утгаараа жилээс жилд түмний нүдэн дээр данс нь цүндийж, эхний хоёр жилд 1.1 тэрбумын орлоготой ажилласан байдаг. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь 2015 онд 10.8 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд 931 сая болж өсөн, 2017 онд 174 сая, 2018 онд 22742.55 мянган төгрөг болж буурсан байгаа юм. Гэхдээ 7 тэрбумаар үнэлэгдэх байр, 4 тэрбумын газартай. Үүнийг нь хөөрхий бүсгүй гишүүн эхний жил гэнэн цагаахнаар хөрөнгө орлогын өсөлтөө шударга бөглөж өгөөд түүнээс хойш "санаа” сууж эхэлж хэмээн дүгнэх хэсэг байна.
Хийж, хэрэгжүүлсэн ажил, хэлэлцүүлсэн хуулийн төсөл гэхээсээ илүүтэй хэлсэн үг үйлдлээрээ олонд танигдсан эрхэм "Олимп орд харш” ХХК, "Энэр Мед” ХХК, "Ачлал трейд” ХХК, "Ачлал групп” ХХК, "Ачлал жаргалан” ХХК, "Ачлал-Эхлэл” ХХК, "Ачлал-Оранж” ХХК, "Энэр мед хоёр” ХХК-иудыг эзэмшдэг. Мөн 230 сая төгрөгийн өртөг бүхий "Lexus-570” маркийн хоёр ч машинтай.
Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар эрхэм хатагтай албан тушаалаа ашиглан ташуур эргүүлж, Хөгжлийн банкнаас нэн хөнгөлөлттэйгээр 15 сая ам.доллар буюу 37 тэрбум 500 сая орчим төгрөгийн зээлийг "Ачлал трейд” компаниараа дамжуулан авсан гэлцдэг. Тэр танхимын гишүүд шиг ЖДҮ-гээс зээл авдаг жижиг гар биш бөгөөд авбал дориухан шиг авч, авснаа ашигтайгаар эргүүлэх тооцоотой нэгэн гэдгийг бид харж байна. Тэрбээр дээрх зээлээрээ Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд 300 ортой эмнэлэг барьчихаад, өдгөө төрд түрээслэхээр болоод байгаа сүйхээтэй бүсгүй.
Үе үе сонгогчиддоо данх тараахын зэрэгцээ цаг үеийн үйл явдлаас хэзээ ч хоцордоггүй. Мэдээллийн зуунд ганц ч алхам хоцролгүй явдаг нэгэн гэхэд хэтийдэхгүй. Нам нэгт нөхөр нь хүүхний хэрэгт холбогдоход мань гишүүн хэзээний гүйж хүрэн ярилцлага өгч өмгөөлж, хамгаалж яваад түмэнд чичлүүлээд авсан. Үнэндээ ч хүчингийн хэрэгт холбогдсон залууг өмгөөлж хамгаална гэдэг эмэгтэй хүний хувьд амаргүй даваа. Ямартаа Өдрийн сонин "Саарал ордон маань Салтаа байцаах газар болчихсон юм уу, эрхэм гишүүд ээ” хэмээх шүүмж шидэж байхав.
Зарим үед Монгол даяар трэнд болсон хэдэн үгтэй эрхэм гишүүний боловсролын асуудал төрийн түвшинд хөндөгдөх нь бий. Геодезийн техникч, улс төр судлаач, бизнесийн удирдлагын менежер зэрэг хэд хэдэн давхар мэргэжилтэй гэх сургууль соёлын нэр М.Билэгт гишүүний намтарт бий. Гэвч 20 гаруй жил бизнесийн салбарт амжилттай ажилласан удирдагч эмэгтэйн үг, үйлдэл боловсролын түвшинг нь сөхөж харахаас аргагүй байдалд хүргэдэг нь үнэн. Олон улсын худалдааг бартераар шийдэх хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй байгаа нь цочоодог ч биз. Гэхдээ юм оёж, гахай үүрч явсан эрхэм гишүүний бизнес амжилттай яваагийн нууц, улс төрд тэнэгдүү царайлах хоёрт асар том маркетинг нуугдаж байж мэдэх юм. Өөрийгөө олонд хар пиараар таниулах гэдэг бас нэг хөзөр парламентчдын халаасанд байдаг нь нууц биш л дээ.
Эх сурвалж: niigmiintoli.mn
Сэтгэгдэл байхгүй байна.