“Гацуурт” ХХК мэдэгдэл гаргалаа
"Гацуурт” ХХК нь МОНГОЛ ХҮНД ЭРҮҮЛ ХҮНС уриатайгаар ард иргэддээ эх орны хөрсөнд ургасан эрүүл, чанартай, хямд гурил, төмс, хүнсний ногоо хүргэх зорилт тавин сүүлийн 20 гаруй жил хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, 3000 гаруй ажлын байр бий болгож, шударгаар татвараа төлж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хууль бусаар татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Сүүлийн үед "Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн нийт урамшууллын талыг авсан, улсаас авсан зээлээ төлөөгүй, үрийн будааны мөнгөний талыг авсан гэх илт үндэслэлгүй, худал мэдээллийг ашиг сонирхлын зөрчил бүхий төрийн өндөр албан тушаалтан тодорхой зорилготойгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж, уг мэдээлэл нь ард иргэд, олон нийтэд тус компаний тухай буруу ташаа ойлголт өгч, компаний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа тул арга буюу мэдэгдэл гаргаж байна.
Нэг. "Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ТЭДС-ийн урамшууллын талыг авсан гэх мэдээллийн тухайд:
2007 оноос Стратегийн хүнс болох гурилын үнийг хямд байлгах зорилгоор төрөөс улаанбуудайн үнийн зохицуулалт хийж, Засгийн Газраас жил бүр 1 тонн улаанбуудайн үнэ болон болон түүнд ногдох урамшууллын хэмжээг тогтоодог болсон бөгөөд уг урамшуулал нь төрөөс тариалан эрхлэгчдэд өгч байгаа дэмжлэг бус хямд үнээр улаанбуудайгаа дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсний үнийн зөрүү юм. Улаанбуудайн урамшууллыг улаанбуудай тариалж дотоодын гурилын үйлдвэрүүдэд төрөөс тогтоосон үнээр худалдсан 2000 гаруй иргэн, аж ахуйн нэгж авдаг бөгөөд тэдний нэг нь "Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд юм.
Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан нь 2007-2017 оны хооронд 2000 гаруй иргэн аж ахуйн нэгжид 157.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. "Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд 2007-2017 оны хооронд дотоодын гурилын үйлдвэрүүдэд 400,000 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн нь нийт улсын нөөцийн 17 хувийг эзэлж байгаа юм. "Гацуурт” ХХК болон түүний хамаарал бүхий 15 аж ахуйн нэгжүүд нь дотоодын гурилын үйлдвэрүүдэд ЗГ-аас тогтоосон үнээр нийлүүлсэн дээрх 400,000 тонн улаанбуудайн 234,700 тн-д 16.7 тэрбум төгрөгийн урамшуулал авч, үлдэх 165,300 тонн улаанбуудайнд ногдох 11 тэрбум төгрөгийн урамшууллыг аваагүй болно. "Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий 15 аж ахуйн нэгжийг ТЭДС-ийн урамшууллын талыг авсан гэсэн мэдээлэл нь ташаа, илт үндэслэлгүй, худал бөгөөд "Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн 2007-2017 оны хооронд дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн улаанбуудайн урамшуулал нь ТЭДС-аас мөн онуудад урамшуулалд олгосон мөнгөний 10.6 хувийг эзэлж байгаа юм.
Хоёр. Үрийн будааны мөнгөний талыг авсан гэх мэдээллийн тухайд:
Манай улс сүүлийн 20 гаран жилийн турш үрийн аж ахуй байхгүйгээс чанар муутай, хог хольц ихтэй, стандартын шаардлага хангахгүй үрийн улаанбуудайг БНХАУ болон ОХУ-аас улс өндөр үнээр худалдан авч, тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгодог байсан. "Гацуурт” ХХК нь арилжааны банкнаас өндөр хүүтэй, урт хугацааны олон тэрбум төгрөгийн зээл авч үрийн аж ахуйн байгуулж, эх орны хөрсөнд ургасан, чанартай, хог хольцгүй, стандартын шаардлагад нийцсэн үрийн улаанбуудайг дотооддоо нийлүүлэх боломжтой болсон.
2017 онд "Гацуурт” ХХК болон түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдийн тарьж ургуулсан чанартай, хог хольцгүй, стандартын шаардлагад нийцсэн үрийн улаанбуудайг улсад худалдсаны төлбөрөө авсан болохоос татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг хууль бусаар аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
ГАЦУУРТ ХХК
Сэтгэгдэл байхгүй байна.