У.Хүрэлсүх ба түүний дүү нар 37 оны хэлмэгдүүлэлтийг хийж эхлэв үү
-Ерөнхий сайд аа, 37 оны хэлмэгдүүлэлтийн давтамж таны үед л байна-
Улстөрчид хэлмэгдүүлэлт гэж ярихдаа бүгд 1937 оны хар түүхийг сөхдөг. Тэгвэл энэ байдал нь өнөөдөр давтагдаж, "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт буруутган бусдыг хорьчихоод байна. Тодруулбал, НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг яг дээрх зүйл заалтаар ялласан. Үнэн хэрэгтээ прокурорын зүгээс бичлэг 2014 онд хийгдсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болгох саналтай гэж байхад нь хүчээр ялласан. Бүр хуулиас дээгүүр загнасан гэсэн үг. Энэ чинь хэлмэгдүүлэлт биш гэж үү. Шинэ үеийн улстөрийн хоригдол бий болгож, хүний хувь заяаг өөрчилсөн явдал мөн биз дээ. Ц.Сандуй Г.Доржзодовын "60 тэрбумын схем” гээчийг сонссон учраас ингэж ял авч, улстөрийн тавцангаас арчигдахад хүрч байгаа нь нэг талдаа хэлмэгдүүлэлт, нөгөө талаар МАН-ынхан бүгд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаанд оролцсоны баталгаа биз дээ.
МАН-ынхан байн, байн сөхөгддөг 60 тэрбумын хэргийг АН-ынхан ирэх оны сонгуульд ч ашиглах нь гэдэг айдсаа дарахын тулд Ц.Сандуйгаар туг тахиж байгаань энэ. Далимд нь Ц.Сандуй улстөрд зүтгэсээр байвал цаашид У.Хүрэлсүхэдбайтугай дийлдэхгүй. Яагаад гэвэл тэд нэг нам боловч улстөрийн төлөвшил, соёл, карьерын хувьд өөр. Тиймдээ ч У.Хүрэлсүхэд дулдуйдагчид үүн дээр нь тоглолт хийн Ерөнхий сайд, намын даргадаа саймшран Ц.Сандуйгаар туг тахихыг зөвлөж, бас шахсан биз. Тэглээ гээд МАН сайхан харагдана гэж үү. "60 тэрбум”-ын схем бий түүнийг МАН ашигласан гэдгээ баталлаа. Цэвэрхэн салахын тулд хэн нэгэнд хэрэг тохох хэрэгтэй. Тэр нь ердөө л схемийн талаар сонссон Ц.Сандуй байж таарлаа. Үндсэндээ "60 тэрбум”-аас МАН-ыг салгах гэсэн биш бүр баталгаажуулж, АН-ын барьцыг ч ахиулсан явдал боллоо.
Үүнийхээ цаана 100 жилийн түүхэнд дахиад л хэлмэгдүүлэлтийг эхлүүллээ гэдэг асуудалд л орж байна. УИХ, нийслэлийн ИТХ гээд МАН-д ялалтын буухиаг атгуулсан хүндээ ял үүрүүлээд явуулчихсан юм чинь аргагүй шүү дээ.
Тэд өөрөөсөө илүү хүмүүстэй хамтран, өсөн дэвжихийн төлөө ажиллаж, бодлого шийдвэрээ тодорхойлдоггүй. Харин ч биднээс дээгүүр сэтгэж, ажилладаг хүн байж болохгүй гэсэн ойлголттой байдаг бололтой. Тиймдээ л прокурорын саналаас зөрөн байж Ц.Сандуйд ял оноосон.
Өнөөгийн монголчуудын сайн мэдэх төрийн эрх мэдлийг хууль бусаар гартаа авах гэсэн оролдлого чинь 2008 оны долоодугаар сарын 1-ний жагсаал, цуглаан мөн биз дээ. Энгийн таван иргэний эрдэнэт амь хохирсон тэрхүү үйл явдлыг толгойлон оролцсон БНН-ын дарга Б.Жаргалсайхан, тухайн үеийн тэмцэгч Ж.Батзандан, О.Магнай тэргүүтнүүдэд яагаад ял оноогоогүй юм бол. Тэд өнөөдөр улстөрд байр сууриа бататган, УИХ-ын гишүүн хүртэл болчихсон л тууж явна.
Гэтэл уйвайгүй бодлогоор схем зохиож, түүнийгээ борлуулах гэсэн Г.Доржзодовын яриаг сонссон Ц.Сандуйд хорих ял оноосон нь цэвэр хэлмэгдүүлэлт гэж нэрлэхээс өөр аргагүйд хүргэж байна. Хэлмэгдүүлэлтийг намаасаа эхлүүлж байгаа МАН-ынханд дахин айдас төрүүлэхгүй гэж үү. МАН жирийн гишүүдийн гэр бүлд 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртөөгүй айл байхгүй л болов уу. Тэрхүү хар түүхийг нь дахин 100 жилийнхээ босгон дээр эхлүүлж байгаа нь "буруу замаар явбал буцахдаа шороо тээх”-ийн үлгэр болох байх даа.
Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл байхгүй байна.