Бүртгэлгүй дугаар дамлан худалдаалдаг бүлэглэлийн мөрөөр...
Бүртгэлгүй дугаарын бизнес цэцэглэж, хэн дуртай нь хэд л бол хэдэн бүртгэлгүй дугаар дуртай цагтаа худалдаж авах боломж бүрджээ. Үүнийг нотлох томоохон жишээ бол өнгөрсөн аравдугаар сард болсон хятадуудын хэрэг. 800 гаруй хятад иргэн Монгол Улсын хилээр хээв нэг нэвтрээд зогсохгүй, манай үүрэн телефоны компаниудын дугаарыг ашиглаж, цахим гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон.
Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран 818 хятад иргэнийг саатуулж, 783-ыг нь Монгол Улсын хилээр албадан гаргаад буй. Тэднийг саатуулах үеэр өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, 10000 гаруй утасны дугаар ашиглаж байсныг хураасан гэх мэдээлэл бий. Энэ дугааруудын 600 орчим нь "Юнител”, 2000 гаруй нь "Скайтел”, үлдсэн 8000 гаруй дугаар нь "Жимобайл” байсан. Эдгээр дугаарыг чухам ямар замаар хэрхэн олж авсан нь төдийлэн тодорхой бус ч хэд хэдэн компани тусалсан төдийгүй зарим үүрэн телефоны компани үнэгүй дугаараа өгсөн гэх мэдээлэл ч бий. Мөн ийн дугаараа үнэгүй тараах болсон шалтгаан нь зах зээл дээр хэрэглэгчдийнхээ тоог нэмэх, ашиг олох зорилготой нь холбоотой. Харин энэ хэрэг гарсны дараахан Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг мэдээлэл хийж, "Мэдээлэлд дурдагдаад байгаа шиг тийм олон сим карт хураагдаагүй. "Жимобайл”-аас 1500, "Скайтел”-аас 670 гаруй, "Юнител”-ээс 470 гаруй сим карт, нийтдээ 2600-аад сим карт авсан. 10 мянган утас гэж ярьсан болохоос 10 мянган сим карт гээгүй” хэмээн мэдэгдсэн.
Харилцаа, холбооны зохицуулах хорооны дарга нь тоонд ач холбогдол өгөн, ийм мэдэгдэл хийж буй нь харамсалтай. Хэдэн дугаар ашиглаж байсан нь биш, бүртгэлгүй дугаарыг ашиглах боломж бүрджээ гэдэг нь өөрөө аюул. Цаашид хэн хүссэн нь манайд тагнуулын үйл ажиллагаа, залилан, гэмт хэрэг үйлдэх боломжтойг энэ бүхэн харуулж байгаа юм. Иймээс манай сурвалжлах баг "Нууц дуран” булангаараа бүртгэлгүй дугаарын хууль бус наймааны мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
"СКАЙТЕЛ” КОМПАНИЙН БҮРТГЭЛГҮЙ АЗЫН ДУГААР 8000 ТӨГРӨГ
Утастай холбоотой ямар нэгэн асуудал гарах, шинэ, хуучин утас, дугаар авах зэрэгт монголчуудын хамгийн их зорин очдог газар нь "Монтел”, "Теди” төв. "Монтел”-ийн гадна талд "Утас авна” хэмээн зогсох хүмүүсээс хар нэхий өмсөж, ханцуйндаа гараа углан, ноосон малгай тавьсан 40 гаруй насны эр дээр очин "Бүртгэлгүй дугаар авах гэсэн юм” гэтэл хамгийн зүүн захын байшингийн лангуун дээр суух бүсгүй рүү дагуулан очив. "Ахын дүү шинэ дугаар байгаа биз дээ” гэхэд бүсгүй "50 гаруй дугаар байна. Яг ямар дугаар хэрэгтэй вэ” гэлээ. Бүсгүйд 200-300 ширхэг дугаар авах хэрэгтэй байгаагаа хэлэхэд 9608..... дугаарын утас руу залган асуув. Харилцуурын цаанаас нааштай байгаа нь илт. Гэхдээ зөвхөн "Скайтел” компанийн дугаар л өгч чадна гэнэ. Бүсгүй "Та надад дугаараа хэдээр өгөх юм. Жаахан хямдруулчих л даа” гэж ярина. Утсаа таслаад "Скайтел”-ын азын дугаар байна. Дугаар бүрийн үнэ 8000 төгрөг” гэв. Мөн дугаар авч байгаа юм чинь утас ч гэсэн нэг газраас авбал зүгээр хэмээн тус бүр 100 мянган төгрөгийн, хямдхан утас санал болголоо. Өөрөөр хэлбэл, нэг дороос бүх үйлчилгээ авах боломжийг тэд бүрдүүлжээ. Тэд "Бүртгэлгүй дугаарыг хэн дуртай нь авчихдаг юм биш. Компанийн томоохон эрх бүхий албан тушаалтнуудтай ойрын харилцаатай байж л авна шүү дээ. Сүүлийн үед бүртгэлгүй утасны дугаар гүйлгээтэй байна. Хүн бүрт л яагаад ч юм бүртгэлгүй дугаар хэрэгтэй болчихсон” гэв.
"ХЭД Л БОЛ ХЭДИЙГ ОЛЖ ӨГЧ ЧАДНА”
БҮРТГЭЛГҮЙ ДУГААРЫН ЦААД ЭЗЭД НЬ "МОБИКОМ”, "ЮНИТЕЛ”, "СКАЙТАЛ”, "ЖИ МОБАЙЛ”-ЫНХАН
ГЭМТ ХЭРГЭЭ НУУХ ГЭЖ БҮРТГЭЛГҮЙ ДУГААР АШИГЛАДАГ
Иргэдийн бүртгэлгүй дугаар авдагийн хамгийн гол шалтгаан бол хууль хяналтын байгууллагаас зугатах. Учир нь сүүлийн жилүүдэд манай хүчний байгууллагууд сайн ажиллаж, хэрэгт холбоотой байж магадгүй ямар ч иргэний утасны дуудлагыг сонсох болсон гэнэ. Иймээс энэ бүхнээс нуугдах зорилготойгоор бүртгэлгүй дугаар авдаг байна. Бүртэлгүй дугаар авдаг иргэд нь ихэвчлэн хууль, хяналтын байгууллагын ажилчид, мэдээлэлд ойрхон хүмүүс, гэмт хэрэгтнүүд байдаг аж. Ийм хүмүүс ихэвчлэн хоёр, гурван дугаартай байдаг бөгөөд энгийн дугаараараа гэр бүл, найз нөхөдтэйгээ ярьдаг бол албан тушаал наймаалцах, авлига, хээл хахууль, гэмт хэргийн ямар нэгэн яриа өрнөсөн тохиолдолд бүртгэлгүй дугаар ашигладаг. Мөн ирэх жил УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор ийм дугаар ашиглах иргэдийн тоо нэмэгдсэнийг албаны эх сурвалж хэллээ. Учир нь хэн нэгнийг харлуулах, нэр төрд нь халдах, ID хаягаа нуух зорилготой ашиглах бүртгэлгүй дугаарын эрэлт нэмэгджээ. Түүнчлэн залилангийн гэмт хэргийн гол "зэвсэг” нь бүртгэлгүй дугаар болсон байна. Үнэндээ бүртгэлгүй дугаартай болох тийм ч хэцүү биш, хуруу хөдөлгөхийн төдийд бүтэх ажил аж. Мөнгөтэй л бол хэнбугай ч хэдэн ч дугаар авч болох нь.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл байхгүй байна.