ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төслийг баталжээ
АНУ-ын Конгрессын Сенатын танхимын Гадаад хэрэг эрхэлсэн хороо ОХУ-ын улсын өр, түүнчлэн тус улсын банк, эрчим хүчний салбарын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг баталлаа.
Ардчилсан намынхан болон Бүгд найрамдахчууд "Америкийн аюулгүй байдлыг Кремлийн түрэмгийллээс хамгаалах тухай" хуулийн төслийг 2019 оны эхээр Конгресст өргөн барьжээ. Үүнээс хойш уг баримт бичгийг Сенатын Гадаад хэрэг эрхэлсэн хороо хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор түүнд өөрчлөлт оруулаагүй байна.
Дээрх хуулийн төслийг нэгдүгээр сард батлахаар төлөвлөж байна гэж урьд нь мэдээлж боловч Сенатын гишүүд Зул сарын баярын амралт эхлэхээс өмнө батлахаар шийджээ. Журамд заасны дагуу хорооны түвшинд батлагдсаны дараа Сенатын танхимын ерөнхий бүрэлдэхүүнээр хэлэлцүүлж санал хураана. Хэрэв сенатчид баталбал энэ баримт бичгийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дэмжих ёстой бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурна.
Хэрэв эцэслэн батлагдвал ОХУ-ын банк, эрчим хүчний салбарт төдийгүй улсын өрийн эсрэг ноцтой хориг арга хэмжээ авах юм. Тухайлбал, уг хуулийн төсөлд "сонгуульд хөндлөнгөөс оролцохыг дэмжиж буй Оросын банкуудын эсрэг хориг арга хэмжээ авахыг санал болгожээ". Москва үүнийг удаа дараа няцааж байгаа билээ.
ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний тухай хуулиудаас хамгийн хатууд тооцогдож байгаа уг хуулийг баталсан тохиолдолд учирч болзошгүй сөрөг үр дагаврын талаар санаа зовниж буйгаа Оросын болон гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид удаа дараа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.