ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙ ХААН ГЭГДДЭГ ГҮЙЛТИЙН АЧ ТУС
Эрүүл амьдрах хамгийн энгийн бас үр дүнтэй гурван чухал арга бол тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох, хорт зуршлаас хол байх. Хүн юу идэж уухаас шалтгаалж бие эрүүл, эсвэл өвчин зовуурьтай байх эсэх шалтгаалдаг. Тогтмол хөдөлгөөн хийдэг хүмүүс чийрэг биетэй, стресс бухимдалгүй байж чаддаг. "Дасгал бол анагаах ухаан” гэж үг хүртэл бий. Долоо хоногт 150 минут буюу өдөрт 30 минутаар тав хоног дасгал хийх нь ямар ч төрлийн эмээс илүү эрүүл мэндэд тустай гэсэн дэлхий нийтийн судалгаа байдаг. Чөлөөт цагаараа спорт зааланд очиж дасгал хийх, иога, аэробик хийх, янз бүрийн спортоор хичээллэх, ууланд авирах зэрэг олон арга бий. Гэвч хамгийн энгийн, үр дүнтэй, хялбар дасгал хөдөлгөөн бол гүйлт юм. Гүйлт нь таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчин, цусны даралт ихсэх, цус харвах, зарим төрлийн хорт хавдар, жингийн илүүдэл, үе мөчний өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн гүйх болон алхах нь таны сэтгэл санааны болон оюун санааны чанарыг эрс сайжруулдаг байна. Өглөө бүр тогтмол гүйж хэвшвэл эрүүл мэнддээ маш том хөрөнгө оруулж байгаа хэрэг. Гүйх нь үнэгүй, хаана ч хийж болох дасгал учраас дэлхий нийтээрээ гүйхийг хоол идэж унтдаг шигээ л амьдралынхаа хэвшил болгох болжээ. Хэрвээ та гүйхийг чухалд тооцдоггүй, хэвшил болгож амжаагүй байгаа бол энэхүү нийтлэлийг уншаад үзээрэй. Гүйлтийн ач холбогдлын талаар бэлтгэлээ. Гүйлтийг эмч, мэргэжилтнүүд дасгал хөдөлгөөний хаан хэмээдэг.
ГҮЙХИЙН АЧ ТУС ХЭМЖЭЭЛШГҮЙ
1. Илүүдэл жингээс сална
Гүйснээр бодисын солилцоо идэвхжиж калори шатдаг. Гэхдээ жигд хурдаар олон минутаар гүйх нь хурдтай богино хугацаанд гүйснээс хамаагүй илүү калори шатаадаг байна. Гүйлтийн зам дээр тогтмол хурдаар 30 минут гүйхэд маш их калори шатааж, өөх хайлдаг. Тиймээс фитнессээр хичээллэдэг хүмүүс гүйлтийн зам дээр гүйх юм уу алхаж илүүдэл калорио заавал шатаадаг.
2. Үе мөчний өвчнөөс сэргийлнэ.
Тогтмол гүйдэг хүний үений холбогч эд, нурууны зөөлөн эдийн шингэний эргэлт хурдасдаг байна. Ингэснээр шохойжилт, нурууны суулт зэрэг үе мөчний өвчнөөс ангижирдаг аж. Гүйлт нь ясны массыг ихэсгэж, илүү бат бэх болгодог сайн талтай. Өвдөгний үений үрэвсэлтэй хүмүүсийн дунд судалгаа хийхэд гүйдэг хүн нэг ч байдаггүй гэнэ.
3. Хөдөлгөөний дутагдалд хэзээ ч орохгүй
Өдөржин суугаа ажил хийдэг хүмүүс хөдөлгөөний дутагдалд маш амархан орж, үе мөч янгинаж өвдөн, шохойжиж, нурууны суулттай болдог. Хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэсэн үг байдаг шүү дээ. Харин тогтмол гүйдэг хүн хэзээ ч ийм аюулд өртөхгүй. Тэд үргэлж хөнгөн шингэн, эрч хүчтэй байдаг.
4. Стресс бухимдалгүй болно
Дасгал хөдөлгөөн хийхэд цусны эргэлт сайжирдаг. Та хэрвээ стресстээд, өдөр тутмын амьдралдаа түүртэн бухимдаад нэг л болж өгөхгүй байгаа бол өглөө эрт босоод 30 минут идэвхтэй гүйчихээд байхад л энэ бүх асуудал шийдэгдэх нь ээ. 2013 онд анагаахын эрдэмтэд хулганыг гүйлтийн цагираг дээр гүйлгэхэд антидепресс буюу стрессийн эсрэг гормон ялгарч байжээ. Долоо хоногт гучхан минут гүйхэд л нойр хулжих, айдас түгшүүрт автах, хэт санаа зовох зэрэг эмгэгүүдийг арилгаж, төвлөрөлт сайжирдаг байна. Өөртөө зориулж цаг гарган, стрессээ зөв аргаар тайлаад сурчихвал насан туршийн зөв дадал болж амьдрал сайн тал руугаа өөрчлөгдөх нь мэдээж.
5. Тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө
Гүйлт нь төв мэдрэлийн системийг амраадаг. Ингэснээр цусан хангамж давхар нэмэгдэж оюун ухааны ажиллах чадварыг нэмэгдүүлнэ. Өглөө гүйгээд тархиа сэргээчихвэл өдрийн турш эрч хүчтэй ажиллаж, өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг болохоор хүмүүс өглөө гүйхийг ихэвчлэн сонгодог байна.
6. Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ
Гүйж, алхаж хөдөлгөөн хийснээр дархлааны эсүүд сэргэдэг. Улмаар хорт хавдар өвчнөөс сэргийлдэг байна. Америк, европчууд хорт хавдар тусах магадлал бага байдаг нь тэдний гүйх зуршилтай холбоотой гэнэ. Хоол тэжээлийн сэтгүүлд гарснаар 170 тархвар судлалын судалгаагаар тогтмол хөдөлгөөн нь хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг гэжээ. Үүнээс гадна хорт хавдартай буюу химийн эмчилгээ хийлгэж буй хүн гүйснээр амьдралын чанар сайжирдаг аж.
7. Нас уртасна
Тогтмол дасгал хийж эхэлснээр таны нас уртасч эхэлнэ. Гүйж эхэлснээр тамхичин хүн тамхи их татдаг ???наас гарч насаа дөрвөн жилээр уртасгадаг бол тамхи татдаггүй хүн гурван жилээр уртасгаж болдог. Тамхиа үргэжлүүлэн татсаар байгаа ч гүйж байх юм бол 2 жил хагасаар насаа сунгадаг гэнэ. Харин хорт хавдраар өвдсөн хүмүүс гүйлтээр хичээллэвэл таван жил орчмоор насаа уртасгах бол зүрх судасны өвчтэй хүмүүс гүйснээр дөрвөөс таван жил удаан амьдрах боломжтой болдог гэсэн анагаахын судалгаа гарчээ.
ГҮЙЖ ЭХЛЭХИЙН ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС
Хэрвээ та хэт их таргалалттай юмуу 40-өөс дээш настай эсвэл зүрх судасны өвчтэй бол гүйж эхлэхийн өмнө эмчид үзүүлж хяналтанд орох хэрэгтэй. Байнга дасгал хөдөлгөөн хийдэггүй анхлан гүйж эхлэх гэж байгаа хүнд ч энэ зөвлөгөө хамаатай гэнэ.
Эхлээд хурдтайгаар алхах буюу жогин (jogging) хийж байгаад яваандаа удаан хурдаар гүйж эхэлбэл эрсдэл багатай. Бас шантрахгүй байх давуу талтай гэнэ. Гүйлт алхалт хоёрыг хослуулж ч болно, таны сонголт.
Гүйж эхлэхийн өмнө биеэ сайн халаах нь зөв гэнэ. Орноосоо босоод шууд гүйж эхэлбэл биед гэнэт их ачаалал өгч, шөрмөс татах зэрэг сөрөг дагавартай.
Гүйх замаа маш сайн тооцоолох. Аль болох өгсүүр биш, тэгш гадаргуутай замаар гүйвэл тогтмол хурдаа хадгалахад тустай. Хэрвээ та амьсгалын замын ямар нэг өвчлөл, зовуурьтай бол машин замын хажуугаар гүйгээд хэрэггүй. Мөн өглөө ажил цуглах, орой ажил тарах үе буюу оргил цагаар гүйхгүй байх нь дээр. Цэцэрлэгт хүрээлэн, томоохон хотхоны зориулалтын зам дээр гүйх нь хамгийн тохиромжтой.
Гүйх үед хөлсөөр дамжин их хэмжээний шингэн алдагддаг тул ус сайн уух хэрэгтэй. Гүйхийн өмнө, дараа нь ус уух нь зөв. Гарт эвтэйхэн хөнгөн усны саванд ус хийж авч явахыг зөвлөж байна.
Агаар нэвтрүүлдэг, хөнгөн ултай гутал сонгоорой. Хувцасны хувьд даавуун, биед эвтэйхэн хувцас эсвэл хөлс шингээгчтэй тусгай спорт хувцас ч өмссөн болно. Гол нь таны сонгосон гутал хөлд эвтэйхэн байх, холгож, тулахгүй байх хэрэгтэй шүү.
Зуны улиралд гүйхдээ өдрийн ид халуун үеэр гүйхгүй байвал зохино. Мөн нарны хамгаалалттай тос түрхэж, саравчтай малгай өмсвөл зүгээр.
Гүйж ирснийхээ дараа хүйтэн, бүлээн шүршүүрт булхаад гарвал хөлсний булчирхай зангирч өвчин орохоос сэргийлнэ.
Гүйхийн өмнө нэг их юм идсэний хэрэггүй. Учир нь нозоорч, бие хүндэрдэг. Өл дарах хэмжээний ганц ширхэг банана юм уу зүсэм талх идээд гарахад л хангалттай.
ХЭЗЭЭ ГҮЙВЭЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ
Та өдрийн аль ч цагт гүйж болно. Гэхдээ өглөөний цэвэр агаарт гүйх нь хамгийн тохиромжтой, үр дүнтэй гэнэ шүү. Яагаад гэвэл өглөөний агаар хамгийн цэвэр байдаг тул амьсгалын замын эрхтнүүд сэргэж, цэнэглэгддэг аж. Уушги цэвэрлээд зогсохгүй уушги устах, уушгинд наалдах өвчнөөс сэргийлдэг. Амьсгалын замын өвчин ханиад томуу, сүрьеэ, багтраа зэрэг өвчин олох магадлал маш ихээр багасдаг. Өглөө эртлэн босоод биеийн тамирын хувцас, хөнгөн спорт гутал өмсөөд хэрвээ хүсвэл чихэвчээр дуртай дуугаа эсвэл хэрэгтэй мэдээ мэдээлэл, подкаст сонсон 30 минутаас нэг цаг орчим гүйхэд тэр өдрийнхөө эрч хүчийг бараг л нөхдөг байна. Өдөр эсвэл орой гүйхээр өөртөө цаг гаргалаа гэж бодоход янз бүрийн ажил ундарч гүйлтээ таслах магадлал их байдаг учраас өглөө гүйх нь хамгийн тохиромжтой нь тодорхой байгаа биз. Хэрвээ та илүү холын зайнд гүйх гэж байгаа бол амралтын өдрийг сонгох нь зүйтэй. Хэт хол гүйвэл бие махбод ядарч, унтаа байдалд ордог.
А.МӨНХЗУЛ
ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл байхгүй байна.