Ливан К.Гоныг баривчлах “Interpol”-ын хүсэлтийг хүлээн авжээ
"Манай улс "Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоныг олон улсад эрэн сурвалжилж байгаа тухай Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын /Interpol/ мэдэгдлийг хүлээн авсан” гэж Ливаны Хууль зүйн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Альберт Азиз Серхан пүрэв гарагт мэдэгджээ.
Японд барьцаагаар суллагдаад байсан К.Гоныг даваа гарагт Туркээр дамжин Ливанд очсон хэмээн таамаглаж байна.. Түүнийг санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн Японы хууль тогтоогчид буруутгаж байгаа юм.
"Ливаны эрх баригчид "Interpol”-ын хүсэлтэд хууль тогтоомжийн дагуу хариу өгөх бөгөөд тэд К.Гоноос байцаалт авах төлөвтэй байна. К.Гон хууль ёсны бичиг баримттайгаар Ливаны хилээр нэвтэрсэн. Нисэх буудлын ажилтнууд түүний бичиг баримт бүрэн байсныг нотолсон” гэж А.Серхан мэдээлжээ.
Япон болон Ливан гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай гэрээгүй юм. "Ливаны хууль тогтоомжид үндэслэн Японы Засгийн газартай хамтран ажиллана" гэж А.Серхан хэлсэн боловч К.Гоныг шилжүүлэн өгөх эсэх талаар дурдаагүй байна.
Мөн пүрэв гарагт К.Гон хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийжээ. "Намайг Японоос явахад эхнэр Кароле болон гэр бүлийн бусад гишүүнийг оролцсон байж магадгүй хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Энэ бүгд буруу ташаа худал мэдээлэл юм” гэж уг мэдэгдэлд дурджээ.
Японд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мэргэжилтнүүдийн мэдээлснээр, хяналтын камерын дүрс бичлэгээс үзэхэд К.Гон Японоос явахынхаа өмнөхөн Токио хотын төв дэх гэрээсээ ганцаараа гарсан бөгөөд уг дүрс бичлэг ням гарагт бичигджээ.
Хяналтын камерын дүрс бичлэгийг нягтлахад өөр хэн нэгэн сэжигтэй хүн К.Гоны гэр лүү орж, гарч харагдаагүй бөгөөд тэрбээр гэртээ эргэж ирээгүй аж. Мөрдөн шалгах ажиллагааг мөн Туркт явуулж байгаа ба К.Гоныг хувийн нисдэг тэргээр Туркээр дамжин Ливанд очсон хэмээн таамаглаж байгаа юм. Туркийн цагдаагийн ажилтнууд 7 хүнийг баривчилсны дунд 4 нисгэгч байгаа ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.