Хөдөө аж ахуйн биржийг Хятад компанид өгөх нь сайдын шунал уу, эсвэл…
УИХ-д он удаан жил суусан Ч.Улаан гишүүн ХХААХҮ-ийн сайд болоод нэг жил өнгөрчээ. Энэ хооронд эхнэрийнхээ байгуулсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниар дамжуулан амьд малын экспорт хийж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах үйл ажиллагаа явуулах гэж байна гэж баахан шуугиулсан. Баримт, мэдээллүүд ч ар араасаа хөвөрсөн. Харин сайд өөрөө тайлбар хийгээгүй. Гэтэл саяхнаас Хөдөө аж ахуйн биржийг эхнэрийнхээ компанийн хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах Хятадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани болгохоор санаархаж байгаа гэх мэдээлэл гарч байгаа юм.
Баримт түшихэд та бидний Монголыг хөгжүүлэх, эдийн засгийг сайжруулах нэг том боломж хэмээн харж байгаа Хөдөө аж ахуйн бирж рүү маань улстөрчдийн шунал аль эрт орчихжээ. Тэр нь дээр хөндсөн БНХАУ-ын төрийн өмчит компанитай хамтарсан компани байгуулах асуудал. Үүнээс үүдэн Хөдөө аж ахуйн бирж, түүний захирал "Гаалийн” хэмээх Х.Баатартай холбоотой гомдол, шүүмжлэл өнгөрсөн намраас гарч хэл ам таталж эхэлжээ. Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажлын хэсэг гарган шалгаж, улмаар 689 тоот тогтоолыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд Хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатарт хүргүүлжээ. Түүнд ТУЗ-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний дагуу хариуцлага тооцох, хугацаанаас нь өмнө чөлөөлөхийг үүрэг болгожээ. Түүгээр зогсохгүй ТУЗ-ийг хуралдуулахыг удаа дараа шаардсан ч ус балгасан мэт байгаа аж. Тиймээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар арванхоёрдугаар сарын сүүлчээр хоёр дахь албан бичгийг Хөдөө аж ахуйн биржийн ТУЗ-ийн дарга Г.Сайханбаярт хүргүүлжээ. Үүнд ТУЗ-ийг хуралдуулж, хэрэгжилтийг хангах, ирцийн мэдээ, гаргасан шийдвэрийг ажлын таван өдөрт багтаан ирүүлэхийг үүрэг болгожээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ТУЗ нь хуралдаж чадаагүй аж.
Асуудлыг дарж, дарагдуулсны учрыг ухвал Ч.Улаан сайд нь Засгийн хуралдаанд Хөдөө аж ахуйн биржийг БНХАУ-ын Жунху Жунда” хэмээх компанитай нийлүүлэн хамтарсан компани байгуулах, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг борлуулах онцгой эрхийг тус компанид олгох, бараа, түүхий эдийн экспортыг тус компаниар гүйцэтгүүлэх давуу эрхийг олгохоор зүтгүүлж яваа сураг дуулдав. Үүний тулд өөрийн гарын хүн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шалгалтаар тогтоогдон албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдаж буй Х.Баатарыг авч үлдэхээр улайрч яваа гэнэ. Энэ санаагаа гүйцэлдүүлэхээр Хөдөө аж ахуйн биржийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас салган өөрийн яамны мэдэлд 100 хувь шилжүүлж ТУЗ-ийн бүх гишүүнийг шинээр томилуулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл ч бас гарч буй юм. Энэ талаар өөрөөс нь тодруулахаар очиход эрхэм сайд яамныхантайгаа ХБНГУ-ыг зорьсон сурагтай. Хөдөө аж ахуйн биржийг Хятад компанид өгөх нь Ч.Улаан сайдын шунал уу, эсвэл…гэсэн асуултад тэрээр өөрөө хариулах биз ээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох
Сэтгэгдэл байхгүй байна.