“Инноваци-боловсрол, хөдөө аж ахуйн салбарт” үндэсний чуулган болж байна
Төрийн ордны их танхимд өнөөдөр /2016.12.09/ "Инноваци - боловсрол, хөдөө аж ахуйн салбарт" сэдэвт Үндэсний чуулган болж байна. Чуулганд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, БСШУЯ, Инноваци өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, Швейцарийн хөгжлийн агентлагийн ХАА, Хүнсний аюулгүй байдал хариуцсан захирал Даниел Валенги болон бусад албаны төлөөлөгчид оролцож байна.
Чуулганаар мэдлэгт суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээмжийг нэмэгдүүлэх, мэдлэгийг баялаг болгох асуудлын талаар санал бодлоо солилцож, харилцан бие биенээсээ сурч, цаашид хэрхэн хамтран ажиллах болоод анхаарах асуудлаа тодорхойлох юм.
Чуулганыг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үг хэллээ. Тэрээр "Аливаа улс орны технологийн хөгжлийн төвшин улс орны хөгжлийн түвшинг тодорхойлж, эдийн засгийн суурь болдог тул бид өнөөгийн төлөв байдлаа сайтар үнэлэх цаг болсон. Манай улсын нийт экспортын 83.6 хувийг боловсруулалт хийгдээгүй түүхий эд, технологийн агууламжгүй бүтээгдэхүүн, 13.8 хувийг хагас боловсруулсан болон технологийн нам агууламжтай бүтээгдэхүүн, 1.63 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн, 0.86 хувийг дундаж нам технологит бүтээгдэхүүн, 0.06 хувийг өндөр технологийн бүтээгдэхүүн эзэлж байна. Иймд улс орны эдийн засгийн гол салбарт технологийн хоцрогдлыг багасгаж өрсөлдөх чадвар бүхий шинжлэх ухаан, технологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх, үндэсний тэргүүлэх чиглэлийн технологийг хөгжүүлэх, дэвшилтэт зарим технологийг гадаадын орнуудаас нутагшуулах шаардлагатай байна” гэдийг онцоллоо.
Чуулганд "ХАА-н салбарын хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого”, "ХАА-н инновацийн тогтолцоон дахь талуудын оролцоо буюу байгууллагын тогтолцоо”, "Үндэсний ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэхэд Ногоон алт төслийн оруулсан хувь” зэрэг илтгэлүүд тавигдах ажээ. polit.mn